Ц.Оюунчимэг Хүндийн өргөлтийн мастеруудын гран прид алтан медаль хүртэв



Өнөөдөр Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо (МССМХ)-ноос Австрид болсон олон улсын эмэгтэйчүүдийн гран-при тэмцээнд тэргүүн байр эзэлсэн ахмад тамирчин, хүндийг өргөгч Цэрэндоржийн Оюунчимэгийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ тухай мэдээллийг одоо та бүхэнд хүргэе.

Цэрэндоржийн Оюунчимэг 2012 оноос хойш ДАШТ, Дэлхийн цом, Дэлхийн тоглолт, Азийн АШТ, олон улсын гран-при тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцсон амжилтыг нь үнэлж, тус холбооны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм. Тэрээр Хүндийн өргөлтийн мастер ангилалд ДАШТ, Дэлхийн цом, Дэлхийн эмэгтэйчүүдийн гран при зэрэг томоохон тэмцээнд амжилт арвинтай оролцож байсан юм. Австрид болсон хүндийн өргөлтийн мастеруудын гран при тэмцээнд 14 орны 134 тамирчин өрсөлджээ. Түүний өрсөлдсөн ангилалд 16 тамирчин хүч бяраа сорьсон байна.

Одоогоос жил гаруйн өмнө байгуулагдсан Монголын ахмадын спортын холбоо дэлхийн жишгийн дагуу нэрээ Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо болгон өөрчилжээ. Шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллах МССМХ энэ сарын 26-27-нд ахмадын спортын анхдугаар их наадмыг спортын таван төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Өнгөрөгч өвөл Канад улсад болсон ахмадын өвлийн спортын наадамд монголчууд анх удаа оролцож 4 алт, 2 мөнгө, 5 хүрэл нийт 11 медаль хүртсэн амжилттай эх орондоо ирж байсан. Тэгвэл ахмад тамирчид энэ оны 10-р сард Европ тивд болох 28 төрлөөр явагдах Ахмад мастеруудын спортын их наадамд 7-8 төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж байна.

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн