Аваргууд гэртээ ирлээ



Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны 2014-15 оны улирлын аварга Голден Стэйт Варриорс багийнхан Оклэнд хотноо ирлээ. Тэд 1975 оноос хойш анх удаагаа NBA-ийн аварга болсон. Хайртай багаа олон зуун хөгжөөн дэмжигчид нь халуун дотноор угтан авчээ.

Голден Стэйт Варриорс баг цувралын 6 дахь тоглолтонд Леброн Жеймс тэргүүтэй Кливленд Кавальерс багийг 105-97ийн харьцаатай буулган авч 40 жил хүлээсэн аваргын цомоо гардан авсан. Тэгвэл алтан мужийн дайчид орон нутгийн цагаар Лхагва гарагт өөрсдийн төрөлх Окленд хотноо иржээ. Варриорс энэ улирал багийн түүхэндээ хамгийн олон буюу 67 хожил байгуулсан. Мөн тэд нэг улирал 67 болон түүнээс дээш хожил байгуулсан НБЭ-ийн түүхэн дэх 10 дахь баг болсон билээ. Финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор Стефен Көрри биш улирлын турш нэг ч тоглолтонд гараанд гараагүй Андре Игудала тодорсон. Иги аваргын цувралын 4 дэх тоглолт хүртэл гараанд гараагүй. Харин 6 дахь тоглолтонд Игудала, Көрри нар тус бүр 25 оноо авсан бол Леброн 32 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн юм. Голден Стэйт Варриорс багийн бүрэлдэхүүнд өмнө НБЭ-ийн финалд тоглож байсан нэг ч тоглогч байгаагүй.Ингэснээр тэд 1991 онд  аварга болж байсан Чикаго Буллсын амжилтыг давтсан анхны баг боллоо. Тухайн үед Буллс мөн л финалд тоглож байсан тоглогч нэг ч байгаагүй ч анх удаагаа НБЭ-ийн аварга болж байж. Харин Кливлендийн супер од Леброн Жеймс багийнхан 2 бүх одод тоглогч гэмтэлтэй байсан ч аваргын цувралыг маш сонирхолтой болгож чадсан. Тэрээр тус цувралд 35.8 оноо, 13.3 самбар, 8.8 оновчтой дамжуулалт дунджилсан. Гэхдээ 5 жил дараалан аваргын төлөө тоглосон Леброны баг хожигдсон юм. Ингэснээр Леброн финалд 6 удаа гарч 4-т нь хожигдож байна. Харин Голден Стэйт Варриорс багийн баярын жагсаал манай цагаар ирэх Бямба гарагийн өглөө тэдний төрөлх Калифорн мужийн Окленд хотноо болох юм.

Э.Еөөк



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн