Алтан Ордны улсыг дайлаар мордсон жүдочиддоо амжилт хүсье



Жүдо бөхийн ДАШТ Ази тивд 6 дахь удаагаа саатаж байна. Өмнө нь Япон улсад 1956, 1958, 1995, 2010 онуудад, 1985 онд БНСУ-д тус тус зохиогдож байсан бол энэ удаа дахин Ази тивд тэр дундаа Төв Азид анх удаагаа зохиогдох гэж байна.

Казакстан улс бол Ази тивийн төвд орших 2.7 сая км.кв газар нутагтай бөгөөд 17 сая хүн амтай ажээ. Казакстан улс дэлхийд газар нутгийн хэмжээгээр 9-д, далайд гарцгүй улсуудаас хамгийн том газар нутагтай улс юм. Тус улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Улс юм. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 2014 оны байдлаар 12.950 ам.доллар ажээ. Төв Азийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс бөгөөд эдийн засгийн өсөлт нь 8% хүрээд байна. Экспортын гол түүхий эд нь нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хий, нүүрс, өнгөт металл ажээ. Экспортын гол түнш нь Хятад улс бөгөөд нийт экспортын 22%-г эзэлдэг бол Франц улс 10%, Орос улс 8%-г эзлэдэг байна. Нефть бол тус улсын эдийн засгийн гол сектор болдог. 30 тэрбум баррель нефтийн нөөцөөрөө дэлхийд 11-д ордог гэсэн судалгаа бий. Мөн ураны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд ураны тогтоогдсон нөөцөөрөө Австрали улсын дараа хоёрдугаарт ордог байна.

Орчин цагийн дэлхийн хот болох Астана нь 1997 онд тус улсын нийслэл болсон. 1990 оноос өмнө хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан. Харин социалист нийгэм задран унахад 1991 онд тусгаар тогтнолоо тунхагласан юм. Казакстан улс бол эрт эдүгээгийн түүхээрээ Монгол улстай холбогдож байдаг. Чингис хааны том хүү Зүчи 1240 онд Алтан Ордны улсыг байгуулж байсан. Өдгөө тус улсын Караганда мужийн нутагт Зүчи хааны бунхан байдаг.

Монгол улс жүдо бөхийн ДАШТ-ээс хамгийн анхны медалиа 1989 онд хуучин Югослав улсын нийслэл Белград хотноо зохиогдсон тэмцээнээс хүртэж байжээ. Анхны медаль, анхны хүрэл медалийн эзнээр Д.Баттулга гавьяат, анхны мөнгөн медальийг О.Балжням гавьяат, анхны Дэлхийн аварга цолыг 2009 онд Нидерланд улсын Роттердам хотоос Х.Цагаанбаатар гавьяат, анхны эмэгтэй жүдо бөхийн медаль, анхны хүрэл медалийг 2005 онд Африк тивийн Египет улсын нийслэл Кайр хотоос Х.Эрдэнэт-Од гавьяат, анхны эмэгтэй Дэлхийн аварга цолыг 2013 онд Өмнөд Америк тивийн Бразил улсын Рио де Жанейро хотоос М.Уранцэцэг, анхны Дэлхийн аваргын хос медалийг Х.Цагаанбаатар 2009 онд алт, 2013 онд хүрэл медаль хүртснээр жүдо бөхийн ДАШТ-ний түүхэн дэх Монгол улсын анхдагчид болон үлджээ. 

 

Б.Бямбабаяр



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн