“Чиндао-2015” тэмцээний барилдааны салхийг Ц.Цогтбаатар хагална



Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулж байгаа энэ оны 8 дахь Гран При тэмцээн БНХАУ-ын Чиндао хотод өнөөдөр эхэлж байна. Энэ тэмцээнд манай улсаас 19 жүдоч зодоглож байна.

Нийт 100,000 ам долларын шагналын сантай тэмцээний сугалаа өчигдөр боллоо. Энэ сарын 20-22-ны өдрүүдэд болох Чиндаогийн гран прид дэлхийн 59 улсын эрэгтэй 237, эмэгтэй 142, нийт 379 жүдочид сугалаанд оролцжээ. 
Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн А хэсэгт залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар баг тамирчдынхаа салхийг хагалхаар боллоо. Тэрбээр эхний тойрогтоо ОХУ-ын тамирчин Дмитрий Куликовтой барилдахаар болсон бол түүнтэй хамт энэ жинд өрсөлдөх "Женко" клубийн тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн Казакстаны Асхат Тельмановтой барилдахаар оноолт таарчээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлэгч гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, БНХАУ, Кубын бөхчүүдийн хожсонтой хоёрдугаар тойрогт өрсөлдөхөөр болсон. Харин 66 кг-ын жингийг манай "Хилчин" спорт хороо "Женко" клубийн тамирчин ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрын даваандаа Хятад, Польшийн бөхчүүдийн аль ялсантай нь таарна. Түүнчлэн энэ жинд Женко клубийн бөх ОУХМ Батцэцэгийн Батгэрэл барилдах бөгөөд Казакстаны Сергей Лимтэй барилдахаар оноолт таарлаа. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн С хэсэгт Балжиннямын Бат-Эрдэнэ мөн эхний тойрогтоо хийлж, Испанийн Лаура Гомезтай, ОУХМ Адьяасамбуугийн Цолмон БНАСАУ-ын Рим Сон-Симтэй барилдахаар боллоо. Харин 57 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа Туркменстаны тамирчин Рушана Нуражавоватай барилдахаар оноолт таарчээ. Мөн Женко клубийн бөх ОУХМ Алтайн Батзул Люксембургийн бөхтэй Чиндаогийн Гран При тэмцээний эхний тойрогт хүч үзнэ.

Эрэгтэйгээс.
60 кг-д ОУХМ Ганболдын Хэрлэн 
ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар
66 кг-д ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг
ОУХМ Батцэцэгийн Батгэрэл 
73 кг-д Наранхүүгийн Хадбаатар 
81 кг-д ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар
ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн
90 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар
-100 кг-д Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр 
+100 кг-д ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр
Эмэгтэйгээс:
48 кг-д гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг
52 кг-д ОУХМ Адьяасамбуугийн Цолмон
ОУХМ Балжиннямын Бат-Эрдэнэ, 57 кг-д ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа
ОУХМ Алтайгийн Батзул
63 кг-д ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа
ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг
-78 кг-д ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд
+78 кг-д ОУХМ Одхүүгийн Жавзмаа

 Монголын Жүдо бөхийн Холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн