Жүдо бөхийн Чэжүгийн гран при өнөөдөр эхэлнэ



Өнөөдөр БНСУ-ын Чежүд Олон улсын Жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлчийн өрсөлдөөн буюу Гран При тэмцээн эхэлнэ. Дэлхийн 70 улсын эрэгтэй 238, эмэгтэй 184, нийт 422 жүдочид энэ тэмцээний татамиас Рио 2016 олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо цуглуулах юм. Энэ удаагийн Гран При тэмцээнд зохион байгуулагч улсаас тус бүр 26 жүдоч оролцож байгаа бол жүдо бөхийн өлгий нутаг Япон улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жүдоч, Монгол улсын үндэсний шигшээ багаас эрэгтэй 9, эмэгтэй 7 жүдоч оролцохоор тус тус мэдүүлгээ өгчээ. Өнөөдөр болсон тэмцээний сугалаагаар эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд саяхан Чиндаод болсон Гран При тэмцээнд амжилттай оролцсон ОУХМ Г. Хэрлэн В хэсэгт эхний барилдаанаа Австрийн тамирчин Пайсчер Людвигтай хийхээр оноолт гарлаа. Энэ жингийн дэлхийн аварга, дэлхийн чансааны 2-рт эрэмбэлэгдсэн МУГТ Г. Болдбаатар С хэсгийн эхний барилдаанаа Япон улсын жүдоч Аоки Дайтай хийхээр болж байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жингийн Д. Алтансүх эхний тойрогтоо хийлснээр В хэсгийн эхний барилдаанаа Казакстаны Майласчев Найрузбектэй, 73 кг-ийн жингийн Н. Хадбаатар В хэсгийн эхний барилдаанаа Италийн тамирчин Регис Андреатай, Б. Пүрэвдаваа С хэсгийн эхний барилдаанаа БНХАУ-ын тамирчин Сан Шуайтай тус тус хийхээр сугалаа таарлаа. 81 кг-ийн жингийн Парисын Их Дуулгын хүрэл медальт О. Ууганбаатар эхний тойрогтоо хийлснээр Хятадын Тайпейн Ханг Шао Тинг, Австрийн Бубаняа Марко нарын аль ялсантай нь Чежүгийн Гран При тэмцээний барилдаанаа хийхээр болсон байна. Энэ жингийн Э. Мөнхжаргал мөн л хийлж, Солонгосын тамирчин Лий Сангхотой эхний барилдаанаа хийхээр болжээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 90, -100 кг-ийн жинд тамирчин оролцоогүй. Харин +100 кг-ийн жингийн В хэсэгт Б. Тэмүүлэн, D хэсэгт Ө. Дүүрэнбаяр нар орсон байна. Оноолтоор Б. Тэмүүлэн Тайландын Еа Он Кунатип, ОХУ-ын Волков Андрей нарын аль ялсантай нь, 2014 оны Залуучуудын дэлхийн аварга Ө. Дүүрэнбаяр Австралийн Берард Николастай ур чадвараа сорин өрсөлдөхөөр болжээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-ийн жинд манай улсаас оролцоогүй. Монгол улсын иргэн, өдгөө Казакстан улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцож байгаа залуу тамирчин Г. Отгонцэцэг D хэсэгт Туркийн тамирчин Сахин Эбрутэй эхний барилдаанаа хийхээр болсон байна. 52 кг-ийн жинд МУГТ М. Бундмаа А хэсгийн эхний барилдаанаа тэмцээнийг зохион байгуулагч БНСУ-ын Пак Да Солтой, П. Буянхишиг D хэсэгт Польшийн Пиенковска Каролинатай хийхээр оноолт гарлаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд эх орноо төлөөлөн оролцох Л. Энхрийлэн Израйлийн Минакава Камилатай учраа таарсан бол 63 кг-ийн жингийн Б. Мөнгөнчимэг АНУ-ын Мартин Ханнатай эхний барилдаанаа хийхээр болж байна. 63 кг-ийн жингийн Азийн аваргын хүрэл медальт Ц. Цэрэннадмид Португалийн Качола Анатай барилдах бол 78 кг-ийн жингийн П. Лхамдэгд Германы Зейч Майкетэй, М. Ууганжаргал Солонгосын Юун Хьюунжитай барилдах оноолт таарсан байна. Энэ тэмцээний дараагаар манай улсын шилдэг жүдочид Токиогийн татами дээр өрсөлдөх юм. Хамтын хүч –Амжилт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн