Эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ний дүр зураг давтагдлаа



Эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн жилийн дүр зураг давтагдлаа. Өнгөрсөн жил Казакстан улсын Алма-Ата хотноо болсон ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 63 кг-н жинд алтан медалийг БНХАУ-ын тамирчин Deng Wei, мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин Tima Turieva, хүрэл медалийг БНАСАУ-ын тамирчин Chor Hyo Sim нар хүртэж байжээ. Энэ жил тэрхүү дүр зураг дахин давтагдлаа. Тус жинд алтан медалийг БНХАУ-ын тамирчин Дэлхийн хошой аварга, Азийн наадмын мөнгөн медальт Deng Wei 113+146=259 кг-г өргөснөөр хүртсэн бол мөнгө, хүрэл медалийг ОХУ болон БНАСАУ-ын тамирчид хүрсэн байна. ОХУ-ын тамирчин Tima Turieva 112+136=248 кг, БНАСАУ-ын тамирчин Choe Hyo Sim 104+139=243 кг-г өргөсөн. ОХУ-ын тамирчин 2013 оны ДАШТ-ний 63 кг-н жинд алтан медаль хүртэж байсан бол өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан. Ийнхүү сүүлийн хоёр ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэж байна.

Эрэгтэйчүүдийн 77 кг-н жинд Казакстаны тамирчин Nijat Rahimov анх удаагаа аваргын алтан медалийн эзэн боллоо. Энэ жинд өрсөлдсөн тус жингийн дэлхийн рекордыг эзэмшигч, Лондонгийн Олимпийн аварга, ДАШТ-ний 3 удаагийн аварга, Азийн наадмын аварга БНХАУ-ын нэрт тамирчин Lu Xiaojun огцом өргөлтийн 2 дахь оролдлогоороо 175 кг-г өргөж, жингийн бусад тамирчдаа тэргүүлээд байсан ч түлхэлттэй өргөлтийн үеэр өвдөгний бэртэл аван тэмцээнийг өндөрлүүлсэн байна. Тэр түлхэлттэй өргөлтөөр 201 к-г захиалаад байсан ч бэртлийн улмаас тэмцээнийг орхисон. Харин энэ жинд 22 настай Казакстан залуу, 2010 оны Өсвөрийн олимпийн наадмын аварга Nijat Rahimov нийлбэр дүнгээр 372 кг-г өргөж аваргын алтан медаль хүртсэн байна. Мөнгөн медалийг өмнөх хоёр ДАШТ-ний мөнгөн медальт БНАСАУ-ын тамирчин, 2014 оны Азийн наадмын мөнгөн медальт Kim Kwang-song хүртлээ. Нийлбэр дүнгээр Казакстаны тамирчин БНАСАУ-ын тамирчинтай тэнцсэн боловч биеийн жин аль багатай нь ялагч болдог журмын дагуу Казак залуу алтан медалийн эзэн болжээ. Ийнхүү алтан медалийг Nijat Rahimov 165+207=372 кг-г өргөж, мөнгөн медалийг Kim Kwang-song 171+201=372 кг-г өргөж хүртсэн бол хүрэл медалийг Египетийн тамирчин Mohamed Ihab 162+201=363 кг-г өргөснөөр хүртжээ.

Манай улсаас 77 кг-н жинд Ч.Очирхуяг 120+153=273 кг, М.Гантулга 115+147=262 кг-г өргөсөн байна.

85 кг-д 37 тамирчин өрсөлдсөн. Энэ жинд ДАШТ-ний хошой хүрэл медальт Artem Okulov алтан медаль хүртснээр ОХУ энэ удаагийн ДАШТ-нээс анхны алтан медалиа хүртэж байна. 21 настай Орос тамирчин огцом өргөлтөөр эхний оролтоор 168 кг, хоёрдахь оролтоороо 174 кг, сүүлчийн оролтоороо 176 кг-г өргөсөн. Тэр огцом өргөлтийн захиалга бүрээ амжилттай өргөж 2-т жагсаж байсан. Үүний дараа түлхэлттэй өргөлтөөр мөн 3 захиалгаа амжилттай өргөсөн. Тэрээр түлхэлттэй өргөлтийн сүүлчийн захиалгаа 315 кг-г өргөж тэргүүлсэн байна. Ингэснээр тэр нийлбэр дүнгээр 176+215=391 кг-г өргөж алтан медаль хүртлээ. Түүнтэй хамт Ираны тамирчин Kianoush Rostami болон нутаг нэгт Apti Aukhadov нар шагналын тавцан дээр зогссон. Ираны тамирчин Kianoush Rostami 173+214=387 кг-г өргөж мөнгөн медалийг хүртсэн бол Оросын тамирчин Apti Aukhadov 168+212=380 кг-г өрггөж хүрэл медалийн эзэн болжээ. Ираны тамирчин 2011 болон 2014 оны ДАШТ-ний тус жингийн аварга болоод байсан бол энэ жил мөнгөн медаль хүртэж байна. Тэрээр мөн Олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм. Тэгвэл хүрэл медаль хүртсэн ОХУ-ын тамирчин өмнө нь 2012 оны Лондонгийн олимпоос тус жинд мөнгө, 2013 оны ДАШТ-нд мөн тус жиндээ алтан медаль хүртэж, Европын АШТ-нд алт, мөнгөн медаль хүртэж байсан ажээ.

ДАШТ-нд медаль авсан байдал. Нийлбэр дүнгээр

1. БНХАУ 4 алт, 2 мөнгө

2 . БНАСАУ 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл

3. ОХУ 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл

4. Казакстан 1 алт

5. Тайвань 1 алт

6. Вьетнам 1 мөнгө, 1 хүрэл

7. Иран 1 мөнгө

8. Азербайжан 1 хүрэл

9. Турк 1 хүрэл

10. Египет 1 хүрэл

11. Япон 1 хүрэл

12. Филиппин 1 хүрэл

 

Эх сурвал: iwf.net



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн