Даамын багийн УАШТ өндөрлөв



2015 оны даамын улсын аварга баг шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд "Бадмаараг" төвийн байранд боллоо. Энэхүү тэмцээнд нийт 15 баг Монголын даамын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөө өрсөлдсөн юм. Тэмцээнд оролцогч баг бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй ба нэг багт олон улсын цолтой зөвхөн нэг тоглогч оролцох дүрэмтэй юм. Мөн ахмад, хүүхэд (16 нас хүртэл), эмэгтэй тамирчин тус бүр нэг нэг оролцов. Тэмцээнд оролцогчдын дотор ОУИМ 4, дэлхийн даамын холбооны мастер цолтой 8 тамирчин өрсөлдөж байна. 12 дугаар сарын 5-ны Бямба гаригт блиц төрлийн улсын аварга баг шалгаруулах тэмцээн мөн зохиогдлоо. Гурван өдрийн турш ширүүн өрсөлдөөнтэй явагдсан 100 буудалт даамын багийн УАШТ өндөрлөж, олон улсын их мастер Г.Ганжаргал ахлагчтай "Бадмаараг" баг 14 хожлоор тэргүүн байр эзэлж, Монголын даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг гардан авлаа. Тэнцүү 12 оноотой гурван багаас ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай "Чемпионс" баг мөнгө, СМ Э.Энх-Эрдэнэ ахлагчтай "Алтан өрөг" баг хүрэл медалийн эздээр тодорсон юм. Үндсэн болон блиц тэмцээнд медалийн төлөө хүчтэй өрсөлдсөн СМ Т.Пүрэвдорж"Алтан титэм" багт тэмцээний тусгай шагналыг олгожээ.

Улсын аварга "Бадмаараг" баг. ОУИМ Г.Ганжаргал, СМ Д.Эрдэмбилэг, СМ Д.Чойжилсүрэн, ДМ Б.Отгон-Эрдэнэ, ДМ Б.Билгүүн нар

Багууд 5 хүний бүрэлдэхүүнтэй өрсөлдсөн бөгөөд ширээний аваргуудыг тодруулахад ОУИМ Г.ГанжаргалОУИМ О.Түвшинболд, СМ Л.Гансүх, ДМ Б.Отгон-Эрдэнэ, ДМ Ц.Чинзориг нар тус бүрийн ширээнд тэргүүлсэн байна.

 

Тэмцээний 2 дахь өдөр зохиогдсон блиц тэмцээнд "Алтан өрөг" баг тэргүүлж Монгол улсын анхны блиц төрлийн аварга баг болсон билээ. Харин Энэрэл дээд сургууль болон "Ирээдүй" багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн