124 жилийн тэртээ өдөр сагсан бөмбөгийн анхны тэмцээн болжээ



АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилд хотод 1891 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдөр Христосын залуучуудын холбооны сургуулийн Сургалтын төвд биеийн тамирийн багш Жеймс Нейсмит түүхэн дэх сагсан бөмбөгийн анхны тэмцээнийг зохион байгуулжээ.
Тэмцээний өмнө 13 зүйлээс бүрдсэн дүрэм зохиосноос дийлэнх заалт нь одоо болтол хүчин төгөлдөр байна. Ж.Нейсмит тэмцээний явуулахын өмнөх өдөр сурагчиддаа маргааш хоёр хоосон хайрцаг авчрах даалгавар өгч хэн нь бөмбөг мэргэн шиддэгийг шалгаруулна гэж хэлжээ. Гэтэл сурагчид нь даалгаврыг нь биелүүлээгүй байна. Тэгтэл аз болж сургуулийн манаач эр тоорын хоёр хоосон сагс олж ирснийг өөдөө өөдөөсөө харсан байшингийн 2 тагт дээр 3.5 м-ийн өндөрт байрлуулан тогтоожээ.
Анхны тоглолтонд тус бүр 9 хүүхэд бүхий 2 баг оролцжээ. Сагсан бөмбөгийн спортын төрсөн өдөр гэж тооцдог 124 жилийн өмнөх тэр өдрөөс хойш сагсан бөмбөгийн спорт өргөн дэлгэрч 1893 онд сагсыг тортой төмөр цагирагаар сольж 1894 онд анхны дүрмийг боловсруулан баталж 1895 онд самбарыг бий болгож анхны албан ёсны тэмцээнийг явуулжээ. 1897 онд 1 багийн тоглогчдын тоог 5 хүнээр хязгаарлажээ.
1920-иод оноос сагсан бөмбөгийн үндэсний холбоод байгуулагдаж олон улсын тэмцээн зохиодог болжээ. 1919 онд АНУ, Итали, Францийн армийн багуудын нөхөрсөг тэмцээн явагджээ. 1923 онд Франц улсад эмэгтэй сагсан бөмбөгийн анхны олон улсын тэмцээнийг зохион байгуулж Англи, АНУ, Италийн багууд оролцжээ. 1923 онд Швейцар улсын Женев хотод Олон улсын сагсан бөмбөгийн холбоо байгуулагджээ.

 

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн