“Мастерс лиг”-ийн тэмцээнд алтан үеийн шилдгүүд өрсөлдөнө



МСБХ-ноос хоёрдахь жилдээ зохион байгуулах гэж байгаа сагсан бөмбөгийн “Мастерс лиг”-ийн тэмцээн ирэх сарын 03-ны өдөр эхлэх гэж байна. 38-аас дээш насны тамирчдын дунд “Мастерс Лиг”-ийн тэмцээнийг зохион явуулдаг.

Энэхүү тэмцээн нь МСБХ дээд лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсний 20 жилийн ойд зориулан 2014 онд эхлүүлсэн юм. Анхны тэмцээнд нийтдээ есөн багийн 100 гаруй тамирчид оролцон дөрвөн сарын турш өрсөлдсөнөөс СМ н.Эрдэнэчулуун ахлагчтай “Хасын Хүлэгүүд” баг түрүүлж, “Монхаус” компанийн баг финалдаж байсан. Энэ жилийн тэмцээнд мөн есөн баг оролцож байгаа боловч лигийн анхдагч, мөнхийн өрсөлдөгчид болох “Алтайн Бүргэдүүд”, “Бизнесийн Чөтгөрүүд” багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаагаараа онцлогтой.

МУГТ Ц.Шаравжамц тэрүүтэй “1+11”, “Генералууд” багийн үндсэн бүрэлдэхүүн “Хобби” Клуб нэртэйгээр оролцож байгаа юм. Тэгвэл ОУХМ Ж.Майбаяр, н.Пүрэвдорж нараар ахлуулсан “Хөвсгөл нэг үе” клуб өнгөрсөн жилийн хүрэл медалийн амжилтаа ахиулах зорилттойгоор оролцохоо мэдэгдлээ. Харин “Гэгээн хангай”, “Нью Констракшн”, “Русккие Колбасы” багууд анх удаагаа оролцоно. “Мастерс лиг”-ийн тэмцээн 2016 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр спортын төв ордонд эхэлж, ням гараг бүр тоглолтууд явагдаж 4 сарын дараа аварга баг тодорно. “Мастерс лиг”-ийн тэмцээн нь МУГТ Ц.Шаравцамж, ОУХМ Ж.Майбаяр нараас гадна ОХУМ Т.Түвшинбаяр, ОУХМ Ц.Баярхүү, ОУХМ М.Отгонбаяр, ОУХМ П.Батзаяа нарын лигийн алтан үеийн шилдэг тамирчид бүгд өрсөлдөж байгаагаараа онцлогтой. “Мастерс лиг”-ийн хоёр дахь удаагийн тэмцээнд түрүүлж аварга болсон баг аваргын цом, алтан медаль, өргөмжлөл, 5 сая төгрөгийн шагналын эзэн болно. Тэгвэл дэд аваргууд мөнгөн медаль, 3 сая төгрөгийг хүртэх аж. Мөн тэмцээний үеэр холын зайн шидэлтийн өрсөлдөөнийг уламжлал ёсоор зохион байгуулна. Өнгөрсөн жилийн тэмцээнийг олон улсын аудитын компани болох “Ernst Young” co.ltd дэмжин ажилласан юм. Тэгвэл энэ жил хамтран ажиллах сонирхолтой бүхий л компанитай ажиллахад бэлэн гэж тэмцээнийг зохион байгуулагчид хэллээ.

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн