Мотоциклын төрөлд шинэ аварга төрсөн Дакар Ралли уралдаан өндөрлөлөө



Авто спортын “Олимп” хэмээх 37 дахь удаагийн Дакар Ралли уралдаан 1 сарын сарын 2-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Өмнөд Америкийн Аргентин, Болив улсын нутгийг дамжижн нийт 9.237 км замыг туулж уралдсан. Энэ удаагийн Дакар Ралли уралдаанд мотоциклын төрөлд шинэ аварга төрсөн бол хүнд даацын ачааны автомашины төрөлд Италийн Ивечо баг түүхэндээ 2 дахь удаагаа Дэлхийн аварга цолыг хүртлээ.

Мотоциклын төрөлд Австрийн КТМ, Японы Хонда, Ямаха, Шведийн Хускварне, Францын Шерко гэсэн 5 багийн 100 орчим тамирчид өрсөлдсөн. Энэ жилийн Дакар Ралли уралдаанд Шведийн Хускварне баг эргэн ирсэн. Мотоциклын төрөлд энэ жил шинэ аварга төрсөн. Австрийн КТМ багийн Австрали тамирчин Тоби Прайс анх удаагаа Дэлхийн аварга цолыг хүртэж байна. Т.Прайс нийт 5 гараанд ялагч болсон бөгөөд нийлбэр дүнгээр 8 дахь гараанаас хойш нийт тамирчдаа тэргүүлж эхэлсэн. Ийнхүү мотоциклын төрөлд сүүлийн 11 жилд анх удаагаа шинэ аварга төрж байна.

  1. Т.Прайс (КТМ баг, Австрали тамирчин) – 48 цаг 09 мин 15 сек
  2. С.Свитко (КТМ баг, Словак тамирчин) – 48 цаг 48 мин 56 сек
  3. П.Кинтана (Хускварне баг, Чили тамирчин) – 48 цаг 58 мин 03 сек

Дакар Ралли уралдаанд 8 дахь удаагаа уралдаж буй 4 дугуйтын төрөлд Японы Хонда, Ямаха болон Канадын Кан-Эм гэсэн 3 багийн 20 гаруй тамирчид өрсөлдсөн. Тус төрөлд тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөн тэмцээний эхнээс л ах дүү Патронелль нарын дунд өрнөсөн. Дүү А.Патронелль 6, 7-р гараанд тэргүүлж байсан ч 8 дахь гараанаас хойш ах М.Патронелль нь тэргүүллийг авсаар нийлбэр дүнгээр аварга болж байна. Ийнхүү Ямаха багийн Аргентин ах дүүс Патронелль эхний хоёр байрыг эзэлсэн бол 3-р байранд мөн багийн тамирчин ӨАБНУ-ын Б.Барагванат орсон. Б.Барагванат 3 гараанд ялагч болоод байсан. М.Патронелль ийнхүү 3 дахь удаагаа Дакар Ралли уралдааны 4-н дугуйтын аварга болж байна.

  1. М.Патронелль (Ямаха баг, Аргентин тамирчин) – 58 цаг 47 мин 41 сек
  2. А.Патронелль (Ямаха баг, Аргентин тамирчин) – 58 цаг 53 мин 04 сек
  3. Б.Барагванат (Ямаха баг, Өмнөд Африк тамирчин) – 60 цаг 29 мин 34 сек

Энэ удаагийн суудлын автомашины төрөл тун сонирхолтой болсон. Учир нь суудлын автомашины төрөлд олон шилдэг тамирчид өрсөлдсөн. Тухайлбал: Катарын шилдэг тамирчин Дакар Ралли уралдааны хошой аварга Нассер Аль-Аттиа, Дакар Ралли уралдааны суудлын автомашины төрлийн 6 удаагийн аварга Францын Стефан Петерансель, Нани Кома нар мөн Авто Ралли уралдааны Дэлхийн олон удаагийн аварга Францын Себастьен Лёб, Дакар Ралли уралдааны мотоциклын төрлийн 5 удаагийн аварга Францын Сирил Депре нарын олон шилдэг тамирчид өрсөлдсөн. Тэмцээний эхний үед анх удаагаа уралдаж буй С.Лёб тэмцээнийг хошуучилж байсан. Тэрээр эхний үед 3 гарааны ялагч болоод байсан бол сүүлчийн гараанд ялагч болсон. Харин түүний араас хашир туршлагатай С.Петерансель нэхсээр 10 дахь гараанаас хойш тогтмол тэргүүллийг олж авсан. Өнгөрсөн жилийн аварга Катарын Нассер Аль-Аттиа тэргүүлэгчийн ард тун хүчтэй өрсөлдөөн өрнүүлж байсан. Ингээд тэмцээн өндөрлөхөд нийлбэр дүнгээр С.Петерансель 6 дахь удаагаа Дакар Ралли уралдааны аварга болсон. Хамгийн сүүлд тэрээр 3 жилийн өмнө түрүүлж байсан бол энэ жил дахин тэргүүн байр эзэлж байна. 2-р байранд өнгөрсөн жилийн аварга Н.Аль-Аттиа орсон бол хүрэл медалийг Жиниэль де Вильерс хүртсэн. Харин С.Лёб анх удаагаа уралдаж нийлбэр дүнгээр 9-р байранд шалгарч байна.

  1. С.Петерансель (Пежо баг, Франц тамирчин) – 45 цаг 22 мин 10 сек
  2. Н.Аль-Аттиа (Мини баг, Франц тамирчин) – 45 цаг 57 мин 08 сек
  3. Ж.де Вильерс (Тоёото баг, Герман тамирчин) – 46 цаг 24 мин 57 сек

Дакар Ралли уралдааны хамгийн сонирхолтой төрөл болох хүнд даацын ачааны автомашины төрөлд тус төрлийн үнэмлэхүй аварга Оросын Камаз болон Италийн Ивечо, Германы MAN, Чехийн Татра, Нидерландын Гинаф, Беларус улсын МАЗ багийн 40 гаруй тамирчин өрсөлдсөн. Энэ удаа Италийн Ивечо багийн Нидерланд тамирчин Жерард де Роу ахлагчтай баг тэргүүлснээр Камаз багийн хаанчлалыг зогсоож чадлаа.

  1. Жерард де Роу-н баг (Ивечо баг, Итали) – 44 цаг 42 мин 03 сек
  2. Аярат Мардеев-н баг (Камаз баг, Орос) – 45 цаг 52 мин 30 сек
  3. Федерико Виллагра-н баг (Ивечо баг, Итали) – 46 цаг 22 мин 58 сек

Ийнхүү 37 дахь удаагийн Дакар Ралли уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн Дакар Ралли уралдаанд Ивечо баг ачааны автомашины төрөлд, КТМ баг мотоциклын төрөлд, Пежо баг суудлын автомашины төрөлд, 4-н дугуйтын төрөлд Ямаха баг тэргүүлсэн. Тэгвэл Камаз, Тоёото, Мини болон Хонда баг энэ онд алтан медалиас гадуур үлдэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Dakar.com

Б.Бямбабаяр (Санчир)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн