Эрик Гордон гэмтлээс эргэн ирэхэд ойрхон байна



Мөрний гэмтлийн улмаас 21 тоглолт өнжөөд байгаа Нью Орлеанс Пеликанс багийн хамгаалагч Эрик Гордон  бэлтгэлдээ оролцож эхэллээ. Түүний хувьд маргааш өглөө Вашингтон Уизардс багийн эсрэг хийх тоглолтод оролцож  ч магадгүй гэсэн мэдээтэй байна. Гэхдээ тоглолтод оролцох эсэх нь яг тухайн  мөчид л шийдэгдэх бөгөөд  ямартай ч тоглолтын өмнөх бие халаалтанд оролцох нь тодорхой, улмаар дээд тал нь 2 тоглолтын дараа эргэн ирнэ гэнэ. Одоо 27 нас хүрч яваа Эрик Гордоны хувьд 2008 оны НБА-н драфтын 7 дахь сонголтоор Лос Анжелес Клипперс багт сонгогдож байсан. НБА-д орж ирсэн даруйдаа уран гоё , тэсрэлттэй  тоглолтоороо үзэгчдийг   өөртөө татан, ирээдүйн супер од тоглогч гэж үнэлэгдэж байсан ч  гэмтэл бэртлийн улмаас амжилт нь улам бүр буурсаар байгаа билээ.

Гордон 2011 оны 12-р сард Крис Полын наймааны нэг хэсэг болон тухайн үеийн Нью Орлеанс Хорнетс буюу одоогийн Пеликанст ирсэн  бөгөөд шинэ багт ирснээсээ хойш мөн л гэмтэл бэртэлд цөөнгүй өртөж, үүний үр дагавараар багтаа дасаж өгөхгүй байсаар 4  дэхь улирлаа өнгөрүүлж байна.

Энэ улирлын хувьд Гордон улам бүр тааруухан тоглолтыг үзүүлж байгаа. Улирлын эхний 12 тоглолтод оролцохдоо тэрээр 9.5-хан оноог дунджилж, 40 хүрэхгүй хувьтай довтолж байсан нь түүний хувьд кареерийнх хамгийн муу үзүүлэлт юм. Гэхдээ Монти Уиллиамс дасгалжуулагч түүнд итгэсэн хэвээрээ. “Гордон миний бодсоноос хурдан эдгэлээ. Одоо түүнд багахан хугацаа л хэрэгтэй. Тэр өөрийн сайн тоглолтоо эргүүлэн авчирч чадна гэдэгт итгэлтэй байна “ гэж сэтгүүлчдэд ярьжээ.  



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн