Улаанбаатарын Унаганууд “Футзалын ПЭПСИ лиг”-ийг 3 дараалан түрүүллээ



МХБХ-ны футзалын ордон өнгөрсөн оны 12-р сараас эхлэн үзэгчдийн уухай, тамирчдын шуугиулсан тоглолтоор тасраагүй билээ. Тэгвэл үүний хамгийн том, хамгийн сүүлийн тэмцээн болох футзалын дээд лиг “ПЭПСИ ЛИГ” ийнхүү өндөрлөж хаалтаа хийлээ.

Нэгдүгээр сарын 9нд нийт 12 багийн дунд зохиогдож эхэлсэн “ПЭПСИ ЛИГ” шилдгүүдийг өнөөдөр зарлалаа. Шилдэг тэгш тоглогчоор “Хангарьд” клүбийн гол найруулагч А.Эрдэнэбаяр тодорлоо.

Шилдэг мэргэн буучаар 11 тоглолтын туршид нийт 36 гоолыг оруулж онцгой байж чадсан “Хоромхон” клүбийн довтлогч Н.Наранболд тодорлоо.

Шилдэг хаалгачаар аваргын алтан медалийн эзэд болсон “Улаанбаатарын Унаганууд” клүбийн хаалгач Н.Чанцал тодорлоо. Унаганууд клүб эсрэг багийн хаалганд нийт 105 гоолыг оруулж 25 гоолыг алдсан бөгөөд нэг тоглолтонд дунджаар 10,5 гоол оруулж 3,5 гоол алддаг гэсэн үзүүлэлттэй байна.

Тэмцээний эхний өдрөөс л өнгөтэй байж дараалсан тоглолтуудыг хийж чухамхүү ганцхан ялагдал нь “Улаанбаатарын Унаганууд” клүбээс амссан “Хангарьд” клүб ийнхүү бахдам амжилтыг үзүүлэн мөнгөн медаль 6 сая төгрөгийн эзэд боллоо.

Тойрог бүрийн учраагаа бөмбөгний илүүтэй буулган авч байсан С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай, П.Алтантулга ахлагчтай “Улаанбаатарын Унаганууд” клүб түрүүлж аваргын алтан медаль, шилжин явах цом болон 8 сая төгрөгийн эзэд боллоо. Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Футзалны лиг нь зохион байгуулагдаад 3 жил болж байгаа бөгөөд Улаанбаатарын Унаганууд клуб 3 жил дараалан ганц ч хожигдол амсалгүй 3 дараалан түрүүлж “Пэпси Лиг”-ийн цомыг үүрд хадгалах эрхийг аваад байна.

Унаганууд клубын хувьд футзалаар нилээн мэргэшсэн клубт тооцогддог бөгөөд өнгөрсөн жилийн 11-р сард Буянт Ухаа цогцолдборт болсон тус тэмцээнийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тус клубын 7-н тоглогч, мөн клубын ерөнхий дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар, хамгаалагч Б.Ганбат туслах дасгалжуулагчаар ажилласан юм.

2016 оны хувьд Улаанбаатарын Унаганууд клуб нь олон янзын баярт үйл явдалаар дүүрэн эхэлсэн байгаа бөгөөд ирэх сарын 21-29-ны хооронд Казакстан улсад зохион байгуулагдах Азийн Футзалын Оюутны Аварга шалгаруулах тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээ зорихоор бэлтгэл сургуулилтаа шамдан хийж байгаа билээ. Мөн энэ жил тус клуб байгуулагдсаны 15 жилийн ой давхцаж байгаа бөгөөд үе үеийн тамирчид болон тоглогчидыгоо хамруулсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Улаанбаатарын Унаганууд клуб нь хараахан спонсор байгууллагагүй бөгөөд Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх чин хүсэл сэтгэлтэй хамт олны бүрдэл юм. 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн