Уарриорс хамгийн чанга өрсөлдөгчөө нэмэлт цагт буулгаж авлаа



Голден Стейт Уарриорс-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг бол яалтчгүй Юта Жазз мөн. Өрнөд бүсийн шилдэг хоёр багийн тоглолт энэ улиралд ямар онц сонирхолтой байгааг NBA сонирхогчид сайн мэднэ. Өнөөдрийн тоглолт Юта мужийн Солт Лэйк хотод болсон бөгөөд талбайн эзэд  гайхалтай тоглолт үзүүлсэн ч нэмэлт цагт 103-96 харьцаатай тун харамсалтай ялагдал хүлээлээ.

Юта Жазз-ын тоглогчид үндсэн цагт торгуулийн шидэлтүүдээ удаа дараалан алдсаар байсан  бөгөөд багаараа 29 чөлөөт шидэлт хийсний ердөө 13 нь оновчтой болсон нь тоглолтонд хамгийн их нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой. Тэр тусмаа багийн гарааны холбон тоглогч Шелвин Мак эцсийн мөчид 2 торгуулийн шидэлтээ алдаж аваргуудад том боломж өгсөн. Жазз-ын гол тоглогч Деррик Пэворс 3-р үед бага зэрэг бэртэл авч тоглолтоос тэр чигээрээ гарсан юм. Тэрээр тоглолтоос гарах хүртлээ 15 оноогооо багаа тэргүүлж байсан. Харин багийн лидер Гордон Хэйвард 21 оноогоор багаа тэргүүлсэн хэдий ч эцсийн мөчид өөртөө биш багийнхандаа найдсан нь буруу шийдвэр болсон. Багийн залуу од Родни Хүүд 20 оноогоор багтаа тус хүргэсэн бол Рүди Гобер 11 оноо 18 с.б.а гүйцэтгэж хамгаалалтанд гайхалтай байсан. Плей-Оффын ширүүн өрсөлдөөнд явж байгаа Жазз өнөөдөр хожигдсоноор 37-38 гэсэн амжилттайгаар бүсийнхээ 6 байранд хэвээрээ үлдлээ.

Үнэхээр гайхалтай тоглолтын эцэст хожил авч 68-7 гэсэн амжилттайгаар улирлыг цааш үргэлжлүүлэх болсон Голден Стейт Уарриорс агуу амжилтын ард тун ойрхон ирээд байна. Одоо тэдэнд 7 тоглолт үлдсэн бөгөөд 4т нь хожих цаашлаад 5 хожил байгуулах юм бол  түүхэнд нэрээ бичүүлэх гайхалтай агшин ойрхон байна. Дасгалжуулагч Стив Керр ч өнөөдрийн тоглолтонд тун их ач холбогдол өгч байсан нь харагдаж байлаа. Стефен Көрри өнөөдөр 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Клей Томпсон 18 оноо, Харрисон Барнес 15 оноо, Дреймонд Грин 13 оноогоор тус тус багтаа хувь нэмрээ орууллаа. Ингэснээр Дреймонд Грин нэг улиралд 1000 оноо, 500 с.б.а, 500 о.д, 100 б.т, 100 хаалт гүйцэтгэсэн анхны тоглогч гэсэн өвөрмөц амжилтын эзэн боллоо. Аваргууд нэмэлт цагт сайн тоглож багаараа 14 оноо авч эсрэг багтаа 7 оноо алдсан. Уарриорс алсын зайн шидэлтийг  35/12 амжилттай болгож 34 хувьтай шидсэн нь Жазз-ын тэдэн дээр хийсэн хамгаалалт ямар сайн байсныг харуулж байна. Гэвч тэдний бүрэлдэхүүнд өнөө цагын хамгийн шилдэг тоглогч Стефен Көрри байгаа цагт ямар аюултай баг вэ? гэдгийг Жазз-ын фенүүд сайн ойлгож авсан байх.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн