Мирко Кро Коп-ыг шил даран гарч ирсэн залуу



Холимог тулааны спортод Европ тивээс тийм ч их алдартнууд гарч ирээгүй гэж хүмүүс бодож магадгүй. Харин ч эсрэгээрээ холимог тулааны спортод тэр тусмаа хүнд жингийн шилдэг тамирчдыг импортолдог тив бол маргаангүй Европ. Хамгийн тод жишээнүүд бол домогт Федор “The Last Emperor” Эмэльяненко, Бас Руттен, Мирко “Кро Коп” Филипович, Игор "Ice Cold" Вовчанчюун, Андрей "Pitbull" Арловски зэрэг олон тулаанчдыг нэрлэж болно. Эдгээрийн араас тэр тусмаа Мирко Кро Коп-ын араас нутгийн дүү Стипе Миочич гэгч залуу цахиур хагалан гарч ирсэн цаг саяхан.

2000-аад оны эхэн болон дунд үед Хорватаас Мирко Кро Коп гэж нэр дэлхий дахинд асар хурдацтай танигдаж байсан бол тэр цагаас хойш Хорватууд нилээдгүй олон жил дуугүй явсан. Гэнэт чөлөөт бөхийн Америкийн коллежийн дивизион 1-н 2003 оны аварга залуу 2011 оноос холимог тулааны ертөнцөд тэсрэлт хийж чадсан.

193 см өндөртэй 110 кг жинтэй том залуу маань холимог тулааны дебутээ 2010 оны 2 сарын 20-нд Корей Мюллис-н эсрэг хийж хүнд цохилтоор ялалт байгуулж байсан. Улмаар 4 тулаан дараалалж хүнд цохилтоор ялалт байгуулж NAAFS холбооны хүнд жингийн аваргаар тодорсон нь түүний оргилд хүрэх замналын эхлэл байсан. Түүний тэсрэлттэй, хурдтай хүнд цохилтууд нь Америк хөлбөмбөгөөр хичээллэж байсантай нь холбоотой. Миочич Кливленд-ын их сургуулийн шигшээ багийн гол тоглогчдын нэг байсан.

Сүүлийн тулаанаас 4 сарын дараа UFC-тэй холбоо тогтоож дебут тулаанаа UFC136 дээр Мексик гаралтай Жое Белтраны эсрэг хийж шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулсан юм. Улмаар 2 тулаан дараалалж хүнд цохилтоор ялалт байгуулж өөрийн чансааг эхний 10т оруулж ирсэн. Тэр үед 9-0 гэсэн үзүүлэлттэй явсан Миочич 2012 оны 9 сарын 29-нд Английн Ноттингхэм хотод болсон тулаанд UFC-хамгийн өндөр тулаанч (213м) болох Стефан Струве-тэй өөрийн нэр дээр тулаан авч чадсан боловч 2-р үед хүнд цохилтоор ялагдаж анхны ялагдлаа амссан. Түүнээс хойш 6 тулаан хийж 5т нь ялалт байгуулаад байгаа. Нэг ялагдал нь Жуниор “Cigano” Дос Сантос-той хийсэн бөгөөд 5 үе үргэлжилсэн гайхалтай тулааны эцэст 3 шүүгчийн  шийдвэрээр Дос Сантос маргаантай гэж хэлж болохуйц ялалт байгуулсан.

UFC195 дээр хуучны формоо олоод байсан Андрей Арловскиг 1-р үед хүнд цохилтоор буулган авч нийт үзэгчид болон ерөнхийлөгч Дана Уайтд бүсийн төлөө тулалдах болсон гэдгээ хатуухан хэлээд амжсан. Миочич нэгэнт бүс горьдлогчдын тоонд зүй ёсоор орж ирсэн байсан бөгөөд UFC-н бүсийн төлөө Фабрисио Вердум-Кейн Веласкез II гэсэн тулаан болох байсан бөгөөд Кэйн Веласкез бэртэл авснаар түүнийг орлож Стифе Миочич ямар ч өрсөлдөгчгүй гарч ирсэн.

Ингэснээр UFC198 дээр Фабрисио Вердум-Стипе Миочич гэсэн гайхалтай тулаан болохоор болсон. Тулаан Бразилын Куритиба хотод болох бөгөөд аваргын бүс, хөгжөөн дэмжигчид гээд бүх зүйл эсрэг талд байгаа нь ойлгомжтой. Энэ нь нэг талаараа түүний нуруун дээрх ачааг багасгаж байгаа байх.

Тулаан мэдээж хэвтээд шилжих юм бол жиү жицү-ийн 4 удаагын дэлхийн аварга болж байсан Вердум-ын талд эргэх нь ойлгомжтой. Гэхдээ Вердум-ыг зөвхөн барилддаг гэж бодож байтал сүүлийн үед босоо техник нь маш сайжирсныг Веласкез, Браун, Хант зэрэгтэй хийсэн тулаанаар нь дүгнэж болно. Харин Миочич-ыг чөлөөт бөхийн суурьтай гэдгийг мартаж болохгүй бөгөөд босоо техник болон гарын цохилтын хурд, тэсрэлт зэргээр Вердум-аас илүү гэдэг нь ойлгомжтой. Ямартай ч тулаан удаан үргэлжлэх (4,5 үе) магадлал өндөр байгаа бөгөөд гайхалтай тулаан болох нь гарцаагүй. Мөн Бразилд болох тус туланд Бразилын сор болсон Андерсон Силва, Витор Белфорт, Жакаре Соуса, Шогун Руа, Дэмайн Майя зэрэг шилдгүүд өөрсдийн нэрээ нутагтаа мандуулна гэдэгт найдаж байна.

 

Г.Баярцогт

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн