Демаркус Казинс: Бид Майк Мэлонийг явснаас хойш шал өөр баг болсон



Сакраменто Кингс баг дасгалжуулагч Майк Мэлоноо халахад хамгийн сэтгэл дундуур хоцорсон хүн бол Демаркус Казинс.   Учир нь сэтгэл хөдлөл, омог ихтэй,  мөн  байн байн дасгалжуулагчтайгаа маргалдаж асуудал тарин, заримдаа болчимгүй авир гаргаж багаа хөөдчих гээд байдаг Демаркус Казинсын аргыг хамгийн сайн олж, улмаар түүний хүндлэлийг хамгийн ихээр хүртэж чадсан дасгалжуулагч бол Майк Мэлоне байсан юм. Майк Мэлоний хувьд  Сакраменто Кинсийн төлөө ажилласан ганцхан  жилийн хугацаанд зөвхөн Казинсыг ч гэлт үгүй багийн уур амьсгал, тоглолтын хэв маягийг тэр чигт өөрчилж хамгаалалт сайтай, залуу, хүчирхэг багуудын нэг болгох зөв замдаа орсон байсан гэж хэлж болно. Харамсалтай нь  эздийн шийдвэрээр Майк Мэлоне халагдаж, түүний ажлыг туслах дасгалжуулагч Тайрон Корбин нь авснаас  хойш Сакраменто Кингс багийн амжилт эргээд унаж эхэлсэн юм. Ялангуяа Дасгалжуулагч Майкийн суулгаад байсан тэр  сайн хамгаалалт ор мөргүй алга болсон гэж хэлж болно.  Ахлах дасгалжуулагчийн үүргийг энэ улирал дуустал гүйцэтгэхээр болсон Тайрон Корбиноор удирдуулж эхэлснээс хойш Кингс 10 тоглолтыг хийхдээ 111.7 оноог алдаж байгаа гэсэн үзүүлэлт нь өмнөх боломжийн хамгаалалттай Сакраменто Кингс биш болсон гэдгийг тодорхой харуулж байна.

Дээрээс нь тэд энэ 10 тоглолтынхоо ердөө 3-д нь л хожсон бөгөөд Кингс-т хожигдсон эдгээр багууд нь Тимберуолвес, Лэйкерс, Никс гэсэн хамгийн тааруухан амжилттай яваа багуудын төлөөлөл байгаа юм.   Хамгийн сүүлд Детроит Пистонс-д бараг 20 онооны зөрүүтэй хожигдсны дараа Демаркус Казинс нэгэн сэтгүүлчид ”Аргагүй шүү дээ, Бид дасгалжуулагч Майкыг явснаас хойш шал өөр бага болчихсон юм чинь” хэмээн сэтгэл дундуур ярьжээ.  Мэргэжлийн спортод бодлогогүй багийн эзэд багтаа тус болохоос илүүтэйгээр лай болох тохиолдол цөөнгүй байдаг. Үүний тод жишээ нь Сакраменто Кингс баг болоод байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн