Сагсан бөмбөгчид Тайван улсад бэлтгэгдэж байна



Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо өндөр зэрэглэлийн тамирчид, боловсон хүчин бэлтгэх зорилгын хүрээнд Тайвань Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээний дагуу өнгөрөгч 2-р сард бакалаврын зэрэгт 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцахаар 5 эрэгтэй, 2 эмэгтэй тамирчид Тайвань улсыг зорьсон билээ.

Эдгээр 7 тамирчин нь өсвөр үе, залуучуудын тэмцээнээс шалгаран Монгол Улсын өсвөрийн шигшээ багт багтан Олон Улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан өсөх ирээдүйтэй тамирчид юм.

Тайвань Улсын Шинжлэх Ухаан технологийн их сургуульд Сагсан бөмбөгийн тэтгэлэгтэйгээр суралцаж буй манай оюутнууд сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт хүчин зүтгэж эхэлжээ. Сургуулийнхаа нэрийн өмнөөс "Ching Nien Cup-2016" тэмцээнд оролцож 4 хожил байгуулан шилдэг 4-т шалгараад байгаа бас нэгэн баярт мэдээ ирлээ.

Энэхүү тэмцээнд Тайваний мэргэжлийн лигийн 2 тамирчин нэг багт орж тоглох боломжтойгоороо онцлогтой аж. Манай тамирчдын хувьд багийн гол цөм тоглогчдоор тоглож байгаа ба шилдэг 4-т үлдэх нугалааны чухал тоглолтын 4-р үед Мэргэжлийн лигийн тамирчин нь бэртэл аван талбайг чөлөөлсөн хүнд тоглолтонд Монгол тоглогчид багаа хожилд хүргэхэд үүргээ сайн гүйцэтгэж 2 оноогоор хожил байгуулж чаджээ.

Өдөр бүр өглөөний 6.30 минут, өдрийн 17.30 минутанд өндөр ачаалалтай бэлтгэл хийн, өдөр хичээлдээ суухад эхний үед ядралт авч байсан ч одоо бэлтгэлдээ дасан жигдэрсэн. Манай баг дээр 5-6 дасгалжуулагч ажилладаг нь ч бэлтгэлийн үр дүнд сайн байна хэмээн манайхан хэлж байна. Эрэгтэй багийнхантайгаа хамт манай охидууд М. Цэрэнлхам, Э. Одонтуяа нар бэлтгэлээ сайн хийж байгаа.

Тайваний Үндэсний шигшээгийн дасгалжуулагч ч манай охидын чадварыг өндөр үнэлж маш сайн хандаж анхаарал тавьж байгаа ажээ. (Тайваний ШУТИС-ын дасгалжуулагч нь Үндэсний шигшээ багийнхаа дасгалжуулагчаар ажилладаг) Манай охидууд саяхан 3х3 тэмцээнд амжилттай оролцсон бол тэндхийн эмэгтэй тамирчдын дүрмийн дагуу 6 сарын дараагаас томоохон тэмцээнд оролцох эрх нь нээгдэх аж.

Ирэх Мягмар гарагт "Ching Nien Cup-2016" тэмцээний медалийн төлөөх тоглолтууд Тайпэй хотод болно. Монгол хөвгүүддээ, охидууддаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж буйд баяр хүргэн улам их амжилтыг хүсье!



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн