Хүлгүүд плей-оффд нэг ч хожигдолгүй явж байна



Цувралын эхний уулзалтад “Ирвэсүүд” лидер Т.Санчир оролцоогүй ч баг нь хүчирхэг “Хүлгүүд”-тэй ширүүн өрсөлдөөн үзүүлж чадсан. Хоёр дахь тоглолтын өмнө Т.Санчир Улирлын үнэ цэнэтэй тоглогчийнхаа шагналыг хөгжөөн дэмжигчдийн өмнө гардан авлаа.

Тоглолт тэнцүүхэн эхэлсэн бөгөөд нэгдүгээр үед “Хүлгүүд” бага зэрэг давамгайлсан юм. Гэхдээ хоёрдугаар үед Э.Цэвэлдорж багаа сэргээж, “Ирвэсүүд” онооны зөрүүг арилган өөрсдөө тэргүүлж эхлэв.

Харамсалтай эхний хагасын төгсгөлд “Хүлгүүд”-ээс Б.Батжавхлан гайхалтай тоглолт үзүүллээ. Улмаар эхний хагас 60:60-ээр тэнцэж дуусав. Эхний хоёр үед “Хүлгүүд”-ээс Б.Батжавхлан 21 оноо авсан бол “Ирвэсүүд”-ээс Д.Брювер 21, Э.Цэвэлдорж 13 оноо авчээ. Сагсан бөмбөгт бичигдээгүй дүрэм байдаг нь гуравдугаар үед сайн тоглосон баг нь тухайн тулаанд ялах магадлал илүү өндөр хувьтай байдаг. Тэгвэл “Хүлгүүд” гуравдугаар үед хамгаалалть, довтолгоонд гайхалтай байж 19 оноогоор тасарлаа. Харин “Ирвэсүүд”-ийн довтолгоо, хамгаалалт энэ үед огт болсонгүй. Нэгэнт тоглолт нь унасан “Ирвэсүүд” шийдвэрлэх үедсэргэж чадаагүй юм. Ийнхүү “Хүлгүүд” өрсөлдөгчөө 118:100-аар буулган авч, цувралыг 2-0 болгов. Тоглолтоос харахад “Ирвэсүүд” ур чадвар, багийн тоглолт дутуу байгаад хожигдсонгүй. Тэдний довтолгооны хувь л “Хүлгүүд”-ээс бага байсан юм. Бусад үзүүлэлтийг харахад “Ирвэсүүд” “Хүлгүүд”-тэй тэнцүүхэн өрсөлджээ. Тус тоглолтод “Хүлгүүд”-ээс Б.Батжавхлан 31 оноо авч гайхалтай байсан бол Б.Билгүүн 23, Корбин 18, Н.Золжаргал 13 оноо тус тус авав. Тэгвэл “Ирвэсүүд”-ээс Д.Брювер 27, Э.Цэвэлдорж 16, Т.Санчир15, Андерсон 14 оноо тус тус авлаа.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн