Баяртай П.Дацюк



Хойд Америкийн ҮХЛ-н плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Тэгвэл энэ удаагийн плэй-оффын тоглолтонд ҮХЛ-н нэгэн шилдэг тоглогч сүүлчийн тоглолтоо хийж байна. Энэ бол ҮХЛ-н Детройт Ред Уингс багийн төвийн тоглогч, тэшилтийн уран гоё техникээрээ бусдаас ялгарч чаддаг “Паша” буюу Павел Дацюк юм. П.Дацюк ҮХЛ дэх бүхий л карьерынхаа турш Детройт Ред Уингс багт хүчин зүтгэсэн байдаг. Тэр ҮХЛ-н арвин баялаг түүхтэй Детройт Ред Уингс багт 15 жил хүчин зүтгэхдээ Стэнлийн цомыг 2 удаа буюу 2002, 2008 онуудад хүртэж, Бүх Оддын багт 2004, 2008, 2009, 2012 онуудад 4 удаа сонгогдсон. Мөн Франк Ж.Селк цомыг 3 удаа хүртэж байсан.

П.Дацюк анх 1996 онд Оросын лигийн Спартак Екатеринбург багаас мэргэжлийн карьераа эхлүүлж байсан. Ингээд 1998 оны драфтаар 171-р сонголтоор Детройт Ред Уингс багт хуваарилагдаж, 2001 онд хилийн чанадыг зорьж, Детройт Ред Уингс багт хүрэлцэн ирсэн. Үүнээс хойш тэр хоёргүй сэтгэлээр Детройт Ред Уингс багийн төлөө хүчин зүтгэсэн. П.Дацюкийг Детройт Ред Уингс багт ирэж байх үед багийг ҮХЛ-н домогт дасгалжуулагч Скотти Боумен удирдаж байсан юм. П.Дацюкаас өмнө Детройт Ред Уингс багт С.Федоров, В.Фетисов, В.Константинов, Д.Миронов, И.Ларионов нарын Орос тоглогчид тоглож байсан. Алдарт дасгалжуулагч С.Боумены удирдлага дор олон Орос залуус ҮХЛ-т алдар, нэрийг оргилд хүрч байсан. Тэднийг залгамжлан гарч ирсэн залуу бол П.Дацюк юм. П.Дацюк Детройт Ред Уингс багт тоглохдоо мөсөн талбайд алдар нэрээ үүрд мөнхлөн үлдээсэн домогт дасгалжуулагчдын удирдлага дор тоглосон байдаг. Анх түүнийг Детройт Ред Уингс багт ирэхэд ҮХЛ-н домогт дасгалжуулагч С.Боумен удирдаж байсан бол 2005-2015 онд М.Бэбкок хэмээх алдарт дасгалжуулагчтай ажилласан. С.Боумен бол ҮХЛ-т баг удирдаж хамгийн олон Стэнлийн цомыг хүртсэн дасгалжуулагч бол М.Бэбкок бол Канадын шигшээ багийг удирдан Олимп, ДАШТ-нд тус бүр түрүүлж, мөн ҮХЛ-т баг удирдан Стэнлийн цомыг хүртэж байсан эрхэм юм.

П.Дацюк 2007-2008 оны улиралд 82 тоглолтонд оролцож байсан бол, 2008-2009 оны улиралд 32 оноо авсан бол 2007-2008 онд 66 удаа гоолын дамжуулалт өгч байжээ. Тэгвэл 2007-2008, 2008-2009 онуудад тус бүр 97 оноо авсан байна. П.Дацюк анх Орос залуус дээр суурилсан Детройт Ред Уингс багт ирж байсан бол өдгөө Швед залуус дээр суурилсан Детройт Ред Уингс багт карьераа өндөрлүүлж байна. Шведийн Х.Зеттерберг, Н.Крунвалль, И.Эрикссон, И.Фрэйнзен, Й.Андерсен, Г.Нюквист нар Детройт Ред Уингс багт тоглодог. Магадгүй Детройт Ред Уингс баг ҮХЛ-н хамгийн интернэшнл баг байх. Ямартаа ч Детрой Ред Уингс багт тоглож байгаа тоглогчдоос хамгийн ахмад нь болох П.Дацюк энэ улирлыг дуусгаад ҮХЛ-ээс явна гэдгээ мэдэгдсэн. 38 нас хүрч буй П.Дацюк гэр бүлийн шалтгаанаар эх орон руугаа буцаж байгаа бөгөөд магадгүй ирэх улирлаас ТХЛ-т харж болох юм.

1990-1991 оны улирлаас хойш тасралтгүй плэй-оффын шатанд шалгарч буй Детройт Ред Уингс баг энэ жил Атлантик дивизионы 3-р плэй-оффын шатанд шалгарсан. Энэ жил Тампа Бэй Лайтинг багтай плэй-оффын 1-р шатанд учраа таарсан. Гэхдээ энэ жил мөн л плэй-оффын 1-р шатнаас мултарч байгаа хар цуврал нь үргэлжлэх магадлал өндөр болоод байна. Хоёр багийн тоглолтын цувралыг Тампа Бэй Лайтинг баг 3-1 харьцаагаар тэргүүлж байна. Магадгүй маргааш буюу хоёр багийн цувралын 5 дахь тоглолт П.Дацюк хэмээх авьяаслаг хоккейчны ҮХЛ дэх сүүлчийн тоглолт байж болох юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн