Эндрү Уиггинсын эрин үе дөнгөж эхэлж байна.



НБА-н шинэ улирал эхлээд аль хэдийн бүтэн 2 сар өнгөрөөд байгаа ч  өнөөх супер хэмээн үнэлэгдэж байсан залуу тоглогчдоос тийм айхтар амжилт үзүүлсэн хүн байхгүй байсан нь үзэгчдийн сэтгэлийг бага зэрэг гонсойлгоод байсан юм. Дээр нь Жулиус Рандл, Жабари Паркер, Аарон Гордон гээд дээгүүр сонгогдсон олон залуус гэмтэл бэртэлд өртөж энэ улирал дуустал тоглохгүй болсон нь бүр ч харамсалтай байв. Ингээд өөрийнх гол өрсөлдөгчид бөгөөд нэг ангийн нөхөд  болсон эдгээр залуус нэгэнт тоглохгүй болсон тул драфтын тэргүүн сонголт болсон   Канзасын их сургуулиас гаралтай Канад залуу Эндрү Уиггинсд энэ драфтын нэр хүндийг аварч, хадгалж үлдэх үүрэг ирсэн гэж хэлж болно. Эндрү Уиггинс харин энэ үүргээ нэр төртэй биелүүлж эхэллээ.

Уиггинсын хувьд НБА-д орж ирээд хамгийн эхний 10-с дээш оноогоо авахад нь 4 тоглолт хэрэгтэй байсан мөн хамгийн эхний 20-с дээш оноогоо авахад нь 8 тоглолт шаардлагатай байсан нь магадгүй  нилээд урт хугацаа байж болох юм. Учир нь үзэгчид түүнийг Леброн Жэймс, Кевин Дурант гэх мэт өнөө цагийн шилдэгүүд шиг анхны тоглолтондоо 20 гарсан оноог аваад л, улирлын турш 20 оноо, 5 самбар дундажлаад л Минеполисын үзэгчдийг орой болгон галзууруулах хэмжээний тоглолтыг үзүүлнэ гэж төсөөлж байсан гэхэд болно. Гэхдээ Уиггинс үзэгчдийн хүссэн шиг шууд  супер тоглолтыг гаргаагүй ч гэсэн өөрийнх нь  даруухан бас хүүхэд царайны ард ямар их нөөц боломж ур чадвар нуугдаж байгаа вэ гэдгийг аажмаар харуулж эхэлсэн.  Улирлын эхний 15 тоглолтод  11 оноо дундажилж байсан бол одоо түүний статистик үзүүлэлт өдрөөс өдөрт өссөөр л байгаа. Яг одоогоор түүний оноо авалтын дундаж үзүүлэлт 14 болж өссөн  байна.

Мэдээж багийн лидер Рики Рубио, Кевин Мартин, Никола Пекович нар нь байхгүй байгаа нь багийн амжилтанд муугаар нөлөөлж байгаа ч залуу тоглогчдийн хувьд өөрсдийн байр суурь, өөртөө итгэх итгэлээ олж авахад тун хэрэгтэй зүйл болсон.   Хэдийгээр Тимберуолвес сүүлийн 12 тоглолтдоо дараалан хожигдоод байгаа ч гэсэн тэдний хөгжөөн дэмжигчид үүнд нэг их санаа зовохгүй байна. Учир багийн ирээдүй Эндрү Уиггинс нь сүүлийн 7 тоглолтын 6-д нь 20-с дээш оноог аваад байгаа нь багийн амжилтаас илүү амттай санагдаж байгаа нь тодорхой. Тиймээс угаасаа энэ улиралд олигтай амжилт үзүүлнэ гэж найдалтгүй болсон Миннесато Тимберуолвесын бүрэлдэхүүнд байгаа нь залуу тоглогчийн хувьд харин ч  таатай нөхцөл байдал бүрдсэн гэсэн үг. Уиггинсын оноо авалт, довтолгооны хувь, торгуулийн шидэлт  өдрөөс өдөрт өссөөр, хамгаалалт өөртөө итгэх итгэл нь улам бүр сайжирч нэмэгдсээр байгаа. Леброн Жэймс, Коби Брайнт гэх мэт шилдэгүүд түүнийг өөрсдийн залгамжлагч гэж үнэлэж үнэтэй зөвлөгөөнүүдээ өгч байна. 11, 12-р сарын бүсийнхээ шилдэг Рүүкий тоглогч болсон Эндрү Уиггинс гэмтэл бэртэл авчихгүй л бол Оны шилдэг шинэ тоглогч болох нь тодорхой. Дээр түүний статистик үзүүлэлт болон тоглолтын арга барил нь улам бүр сайжрах нь тодорхой. Эндрү Уиггинсын хувьд энэ бол дөнгөж эхлэл. Ирээдүйд тэр хэдэн удаа Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж, хэдэн удаа НБА-н аварга болохыг таашгүй. Магадгүй тэрээр Канадын шигшээ багийг дэлхийн аваргад хөтлөхийг ч үгүйсгэхгүй. Үүнийг зөвхөн би биш НБА-н олон шилдэг шинжээчид хэлж байгаа гэдгийг сануулъя. Кобе Брайнт хүртэл түүнийг өөрийнх нь залуу үеийг санагдуулж байна гэж хэлээд байгаа шүү дээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн