Хүлэгүүд хүнд хэцүү байдлаас хожил авлаа



МҮСБХ-ны Үндэсний супер лигийн финалын цуврал хоёр дахь тулаан өчигдөр СТО-д болов. Өмнөх тоглолтод хожигдсон “Хүлгүүд” энэ удаа ямар хувилбар бэлдэж ирсэн нь сонирхол татаж байлаа. Харин “Харцага” өмнөх тоглолтын хэмнэлээ үргэлжлүүлж чадах уу гэсэн асуулт байсан юм. Улмаар тоглолт тун өрсөлдөөнтэй ширүүхэн эхэлсэн. Тоглолтын эхэнд Ц.Азбаяр холын зайн шидэлтийг гурвантаа унагаж хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Харин “Хүлгүүд”-ээс Корбин, өмнөх тоглолт тун тааруу тоглосон Н.Золжаргал нар гайхалтай байлаа. Тэр хоёр “Хүлгүүд”-ийнхээ тоглолтын эхэнд авсан бүх 19 оноог бүгдийг нь авчээ. Нэгдүгээр үе тэнцүүхэн өндөрлөсөн бол хоёрдугаар үе  өгөө аваатай эхлэв. Эхний хагасын төгсгөлд “Харцага” 54:51-ээр тэргүүлж байх үед “Хүлгүүд”-ийн О.Сэргэлэн цагтай уралдан холын зайн шидэлтээ цагаригт унагаж, тооны харьцааг тэнцүүлсэн юм. Гуравдугаар үе тэнцүүхэн өрнөж, шийдвэрлэх дөрөвдүгээр үе ширүүхэн эхлэв. Улмаар эцсийн мөчид “Хүлгүүд” учраагаа 107:103-аар буулган авч, цувралыг 1-1 болгон тэнцүүлсэн юм. Энэ тулаанд “Хүлгүүд”-ийн тоглогчид бүгд будагтай талбай руу дайрч, довтлон тоглосон нь ялалтын үндэс байсан гэлтэй. Мөн багийн үзүүлэлтийг харахад тэд багаараа ердөө найман оновчтой дамжуулалт өгчээ. “Харцага” довтолгооны хувь,оновчтой дамжуулалтаар “Хүлгүүд”-ээс илүү байсан ч ялагдал хүлээв. Тус тоглолтод Б.Билгүүн 27 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлэв. Мөн Н.Золжаргал 25 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлсэн нь ялалтын нэг үндэс болсон юм. Кобрин 24 оноо авчээ. Харин “Харцага”-аас К.Блэйр 27, Б.Одбаяр 17, П.Болортулга 15, Р.Гесковски 15 оноо тус тус авчээ. Цувралын гурав дахь тоглолтод ирэх даваа гаригт болно.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн