Тивийн аваргаас алтан медаль, Олимпийн эрхтэй ирлээ



Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 2016 оны 4 сарын 21-нээс 30-ны өдрүүдэд эрэгтэйчүүдийн 46 дахь, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн Хүндийн өргөлтийн АШТ болж өндөрлөлөө. Тэмцээн Ташкент хотын “Uzbekistan Sport Center” спортын ордонд болсон. Тэмцээнд Ази тивийн 25 улсын төлөөлөл оролцсон.

Энэ удаагийн АШТ-нд манай улсаас эрэгтэйчүүдийн 56 кг-д Ө.Чагнаадорж нийлбэр 250 кг-г өргөж 8-р байр, 62 кг-д Э.Мөнхдөл 259 кг-аар 8-р байр, Б.Баярням 222 кг-аар 15-р байр, 69 кг-д Э.Оюунбат 235 кг-аар 21-р байр, 77 кг-д Ч.Очирхуяг 277 кг-аар 17-р байр, 85 кг-д Б.Цэнд-Аюуш 265 кг-аар 18, М.Гантулга 245 кг-аар 19-р байранд оржээ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Золбоо нийлбэр 132 кг-аар 14-р байр, Ч.Нямзул 122 кг-аар 16-р байр, 53 кг-д А.Бум-Аюуш 151 кг-аар 15-р байр, 63 кг-д Г.Анужин 194 кг-аар 8-р байр, 75 кг-д Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГ огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 132 кг-г өргөж нийлбэр 244 кг-аар 1-р байранд орсон. Мөн түүний жинд Б.Энхтамир нийлбэр 214 кг-аар 5-р байр, +75 кг-д Э.Билэгсайхан 179 кг-аар 7-р байранд оржээ.

Ийнхүү Монгол улс ААШТ-нээс 1 алтан медальтайгаар 7-р байранд орсон байна. Үүнээс гадна эмэгтэй баг тамирчид нийлбэр дүнгээр 4-р байранд орсноор Олимпийн эрхээ авчээ. 75 кг-н жинд алтан медаль хүртсэн М.Анхцэцэг өнгөрсөн онд АНУ-ын Хьюстон хотноо болсон ДАШТ-нд жиндээ 8-р байранд ороод байсан юм. Ийнхүү залуу тамирчин Тивийн АШТ-нээс алтан медаль хүртэж Монгол улсын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байна.

2016 оны ААШТ-нд Азийн 25 улс оролцосноос:

  1. Хятад – 5 алт, 4 мөнгө, 3 хүрэл
  2. Тайвань – 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл
  3. Казахстан – 2 алт
  4. Тайланд – 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл
  5. Иран – 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл
  6. Хойд Солонгос – 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл
  7. Япон, Монгол, Кыргызстан, Вьетнам – 1 алт
  8. Өмнөд Солонгос, Узбекстан – 1 мөнгө, 1 хүрэл
  9. Туркменистан – 1 мөнгө
  10. Ирак, Филиппин – 1 хүрэл медаль хүртжээ.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн