Францын гараа “Ямаха” багийн давамгайлал дор болж өндөрлөлөө



Мото спортын хамгийн нэр хүнд бүхий MotoGP уралдааны 2016 оны 5 дахь гараа өнгөрөгч амралтын өдрүүдэд Францын Ле-Манс хотын “Bugatti” авто тойрууллагад боллоо. Тус гарааны байрлал тогтоох уралдаанд “Хонда” багийн М.Маркуэз болон “Ямаха” багийн Х.Лоренцо хоёрын дунд гол өрсөлдөөн өрнөж байлаа.

Харин Ням гарагт болсон уралдаанд “Ямаха” багийн тамирчин хамгийн хурдан байлаа. Ялангуяа Х.Лоренцо болон В.Росси нарын дунд хүчтэй өрсөлдөөн өрнөж, Х.Лоренцо нийт замаа 43 мин 51.290 сек-н амжилтаар тус гарааны ялагч боллоо. Харин түүний багийн хамтрагч В.Росси тэргүүлэгчээс 10.654 сек-н алдагдалтайгаар дэд байранд орсон бол 3-р байранд “Сузуки” багийн М.Виналес орсон байна. Харин М.Маркуэз дөнгөж 13-р байранд орлоо.

“Ямаха” багийн Х.Лоренцо ийнхүү энэ оны 2 дахь гараандаа түрүүлж байна. Тэрээр 2016 оны эхний гараа болох Катарын гранприд түрүүлээд байсан бол энэ удаа Францын гараанд түрүүллээ.

Францын гарааны үр дүн:

  1. Х.Лоренцо “Ямаха” баг – 43 мин 51.290 сек
  2. В.Росси “Ямаха” баг – 44 мин 01.944 сек
  3. М.Виналес “Сузуки” баг – 44 мин 05.467 сек
  4. Д.Педроза “Хонда” баг – 44 мин 10.009 сек
  5. П.Эспаргаро “Ямаха” баг – 44 мин 16.221 сек
  6. А.Эспаргаро “Сузуки” баг – 44 мин 24.211 сек
  7. Д.Петруччи “Дукати” баг – 44 мин 29.541 сек
  8. Х.Барбера “Дукати” баг – 44 мин 29.794 сек
  9. А.Баутиста “Априлиа” баг – 44 мин 39.826 сек
  10. С.Брэдл “Априлиа” баг – 44 мин 45.792 сек

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн