Олсон бүх орлогоо Батхишигийн эмчилгээний зардалд хандивлагдана



Үндэсний хэмжээнд сагсан бөмбөгийн хөгжүүлэх зорилгын хүрээнд маш амжилттай зохион байгуулж буй 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний лиг-2016" тэмцээн энэ өдрүүдэд амжилттай үргэлжилж байна.

Ирэх Даваа гарагт улирлын тоглолтууд өндөрлөж плэйоффын тоглолтууд эхлэх юм.

Плэйоффын өмнө Үндэсний лигийн Бүх Оддын тоглолтыг 2016 оны 05 дугаар сарын 24-ны Мягмар гарагийн 18.00 цагт Спортын төв ордонд зохион байгуулах боллоо.

Учир нь Үндэсний лигт оролцон Тэргүүн болон Дэд хэсэгт тоглож буй шилдэг сагсан бөмбөгчдийн халз тоглолтоос гадна аймгийнхаа багт хүчин зүтгэж буй урлаг, спортын алдартнуудын "Холимог Оддын тоглолт" мөн болох юм.

 

Энэ өдөр мөн Үндэсний лиг 2016 тэмцээний Плэйоффын ширүүн тоглолтууд эхлэх ба бүтэн өдрийн билет 10,000 төгрөг байх юм.

Энгийнээр тайлбарлавал та нэг сумаар хоёр туулай буудах боломжтой гэсэн үг.

Нутгийнхаа багийг дэмжин, бүх тоглолт нь гал гарах плэйоффын тоглолтууд, шилдэг тоглогчдын Бүх Оддын тоглолт, урлаг спортын алдартангуудын сагсан бөмбөгийн авьяасаа сорин өрсөлдөх Холимог Оддын тоглолтыг нэг билетээр үзэх боломжтой.

Мөн МҮСБХ болон сагсан бөмбөгчид дахин сайн үйлсийн аянд нэг зүрх сэтгэлээр нэгдэж байгааг дуулгахад таатай байна.

Энэхүү Бүх Оддын тоглолтоос олсон орлогыг "MNBA CARE Бид Нэг Гэр бүл" төслийн хүрээнд сагсан бөмбөгийн Спортын мастер Б. Батхишигийн эмчилгээний зардалд хандивлах болно.

Өнгөрөгч нэгдүгээр сард Сагсан бөмбөг хэмээх Гэр бүлийнхээ нэгэн гишүүн Б. Батхишигт зориулан хандивын тоглолтыг зохион байгуулж эмчилгээний зардлын тодорхой хэсэг буюу 14,0 сая төгрөгийг цуглуулж чадсан. Гэвч эмчилгээний зардал өндөр өртөгтэй тул сайхан сэтгэлт Монгол түмний сэтгэлийн хандив, туслалцаа хэрэгтэй байгаа билээ.

Мөн энэхүү тоглолтыг Үндэсний Супер лигийн нийт баг тамирчид, Үндэсний лигт оролцож буй баг тамирчдыг билетээ авч үзэн "MNBA CARE-БИД НЭГ БҮЛ" аянд нэгдэхийг уриалж байна.

Бүх Оддын тоглолт, Холимог Оддын тоглолт, Бид Нэг бүл төслийг дэмжин энэхүү мэдээллийг найзууддаа "share" хийн түгээж сайн үйлсийн аянд нэгдээрэй найзуудаа!



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн