Монгол улсын буудлагын спортын алдартнууд цуврал



Монгол улсын буудлагын спортын ГАВЬЯАТ ТАМИРЧИН,  Олимп, ДАШТ-ний медальт Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 

2008 он: Хүн төрөлхтөний эв, нэгдлийн бэлэгдэл болсон Зуны XXIX Олимп БНХАУ-ын Бээжин хотноо болж, Монгол улс анх удаагаа буудлагын спортоор Олимпийн наадмын мөнгөн медаль хүртсэн. Энэ бол гавьяат тамирчин О.Гүндэгмаа байсан юм. Тэрээр урьдчилсан шатанд 28 орны 41 тамирчин өрсөлдснөөс Монгол улсын тамирчин О.Гүндэгмаа 590 оноо авч Олимпийн рекорд тогтоосноор шигшээ 8-д шалгарсан. Энэ үед Монголын ард түмэн 44 жил хүлээсэн Олимпийн алтан медалийг сэтгэл догдлон хүлээж байлаа. Гэвч шигшээ буудлагад гавьяатын буунд техникийн асуудал гарснаар Олимпийн наадмын мөнгөн медалийг хүртсэн. Ингэж харамсал, харуусал дагуулсан алтын дайтай мөнгөн медалиар Монгол улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа энгэрээ мялаасан. Гэхдээ Бээжингийн Олимпийн наадамд О.Гүндэгмаа гавьяат өөрийнхөө нэрийг Олимпийн рекорд амжилтын хуудсанд мөнхөлж, Монгол улсын буудлагын спортын Олимпийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм. Мөн тэрээр Монгол улсын Олимп, Дэлхийн аваргын хос медальтны эгнээнд орсон. 

Монгол улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа анх 15 настайдаа буудлагын спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Тэрээр 1992 оны Барселонагийн Олимпийн наадамд гавьяат тамирчин Д.Мөнхбаярыг хүрэл медаль хүртэж байх тэр агшинд буудлагын спортод шимтэж, түүний энэхүү хүслийг аав нь дэмжснээр хожмын их амжилтынх нь эхлэл байжээ. 

Түүний амжилтуудаас дурьдвал.

  • Олимп: 2008-Бээжин 25 м-н гар бууны төрөлд мөнгө
  • ДАШТ: 2006 онд 25 м-н гар бууны төрөлд хүрэл, 2014 онд багийн төрлөөр мөнгө
  • Азийн наадам: 2002 онд хүрэл
  • ААШТ: 2006 онд хүрэл

Үүнээс гадна Дэлхийн цомын шигшээ тэмцээнээс алт, цуврал тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 1996-Атланта, 2000-Сидней, 2004-Сидней, 2008-Бээжин, 2012-Лондонгийн Олимпийн наадамд оролцсон бөгөөд өдгөө Рио-2016 Зуны Олимпийн наадмыг оролцох эрхээ аваад байна. Энэ амжилтаараа гавьяат тамирчин О.Гүндэгмаа Монгол улсаас 6 Олимпийн наадамд оролцож буй анхны тамирчин болж байна.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн