Сүхбаатар аймгийн шигшээ баг Үндэсний Лигийн аварга боллоо



МҮСБХ-ноос зохион явуулсан 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний лиг-2016” тэмцээн өнгөрсөн ням гаригт өндөрлөв. Харин өнгөрсөн жил ширүүн өрсөлдөөн үзүүлж, хасагдах шатанд гарсан багууд энэ удаа Тэргүүн хэсэгт хүч үзлээ. Хүчирхэг багуудын өрсөлдөөнөөс Сүхбаатар, Архангай аймгийн шигшээ финалд тунан үлдэв. Аваргын цуврал тун тэнцүүхэн өрнөсөн бөгөөд цувралын эхний тоглолтод Сүхбаатарчууд хожсон ч ОУХМ Г.Баттөрөөр удирдуулсан Архангай амар бууж өгөхгүй гэдгээ харуулан хоёр дахь тулаанд өрсөлдөгчөө ялав.

Шийдвэрлэх гурав дахь тоглолтод Сүхбаатарын залуучууд хамгаалалтаа тун нямбай гүйцэтгэн довтолгоонд дасгалжуулагч А.Алтан-Очир багийнхаа “мотор”-ыг бүрэн ажиллуулж чадсанаар Архангайг 97:84-өөр хожсон юм. Ийнхүү Э.Дөлгөөн, Б.Батзолбоо нараар ахлуулсан Сүхбаатарын залуус өрсөлдөгчөө 2-1-ээр буулган авснаар “Үндэсний лиг-2016” тэмцээний аваргаар тодорлоо.

Тэднээс Э.Дөлгөөн 25 оноо 14 самбараар багаа тэргүүлсэн бол Б.Золбаяр 21 оноо Н.Энхтөр 15 оноо авсан бол Архангай аймгийн шигшээ багаас Г.Баттөр 21 оноо 6 оновчтой дамжуулалт Н.Уранхүү 17 оноо авсан ч хожигдол хүлээлээ. Ингэснээр Сүхбаатар аймгийн шигшээ баг Монгол дарханы гараар бүтсэн Аваргын цом, алтан медаль 6 сая төгрөгийн эзэд боллоо. Харин  Тэргүүн хэсгийн хүрэл медалийн Орхон аймгийн шигшээ хүртсэн бөгөөд тэд медалийн төлөө Увс аймгийн багтай өрсөлдөн 79:69-өөр хожсон юм.

Тэмцээний шилдэг тоглогчоор Б.Батзолбоо шалгарав. Тэрбээр 12 тоглолтод оролцож 15,8 оноо, 6,1 самбараас бөмбөг авалт дунджилсан юм. 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн