Монгол улсын Үндэсний спортын алдартнууд цуврал: Б.Түвдэндорж аварга



Монгол улсын Үндэсний спортын ууган гавьяат мастер, Үндэсний бөхийн Даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж 1916 онд хуучнаар Түшээт хан аймгийн Луу гүний хошуу, одоогийн Булган аймгийн Хангал (хуучнаар Сэлэнгэбүрэн) сумын нутаг, Сэлэнгэ мөрний хөвөөн дэх Бүрэн хан уулын ар Гурван эвэрт хэмээх газарт мэндэлжээ.

Б.Түвдэндорж аварга Монгол улсын анхны спортын гавьяат цолтон бөгөөд 1960 оны 4 сард Монгол улсын спортын гавьяат мастер цолоор шагнуулж байжээ. Тэрээр анхдагчдын нутаг Булган аймгаас төрсөн, Монгол улсын спортын анхны гавьяат Б.Түвдэндорж аварга Улсын баяр  наадамд 7 удаа түрүүлж байсан. Анх 17 настайдаа барилдаж эхэлсэн бөгөөд Ардын цэргийн албанд татагдахдаа сумын начин цолтой байжээ. Ингээд Б.Түвдэндорж аварга 23 настай 1939 оны Улсын баяр наадамд барилдаж түрүүлснээр улсын начин, заан цолыг алгасан шууд улсын арслан цол хүртсэн. Анх Улсын баяр наадамд барилдахад нь тухайн үеийн Халхын хүчит бөхчүүд болох Б.Төрбат арслан, М.Лхагва арслан, Д.Данзан арслан нар Б.Түвдэндорж аваргад “бярнаасаа мэх нь дутчихсан байна” хэмээн зөвлөж байсан ГЭДЭГ. Ийнхүү цэргийн хуарангаас анх удаагаа Улсын баяр наадамд барилдаж түрүүлснээр хожмын Халхын домогт аваргын барилдааны түүх эхэлсэн ажээ.

Б.Түвдэндорж аварга ид барилдаж байх үедээ Ц.Чимэд-Очир аварга, Ж.Цэвээнравдан аварга, Ш.Батсуурь аварга, Г.Цоодол арслан, С.Самданжигмэд арслан, Д.Самбуу арслан, У.Дамчаа арслан, Ө.Чүлтэмсүрэн арслан, Д.Лувсан заан нарын хүчит бөхчүүдтэй хүч үздэг байжээ. Мөн Б.Түвдэндорж аварга өөрөө барилдахаас гадна хойч үеийн бөхчүүдээ зааж сургаж байсан. Тухайлбал: Ж.Мөнхбат аварга, С.Цэрэн аварга, Ч.Бээжин аварга, Д.Жамц арслан, Ө.Эрдэнэ-Очир арслан, Т.Зундуй заан, Д.Сэрээтэр харцага нарын шавь нар нь зөвхөн үндэсний бөхийн аргазүйг чадамгай эзэмшсэн төдийгүй тив, дэлхийд нэр цуутай бөхчүүд болсон байдаг.

Б.Түвдэндорж аваргын Үндэсний бөхөд үзүүлсэн амжилтаас дурьдвал:

  • 7 удаа түрүүлсэн (1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онд)
  • 2 удаа үзүүрлэсэн (1944, 1951 он)
  • 2 удаа их шөвөгт үлдсэн (1957, 1958 он)

Улсын баяр наадамд нийтдээ 17 удаа 5 давсан. Б.Түвдэндорж аварга Улсын баяр наадамд түрүүлэхдээ үзүүр түрүүнд Ц.Чимэд-Очир аваргыг 2 удаа, Ж.Цэвээнравдан аваргыг 1 удаа, Ш.Батсуурь аваргыг 1 удаа, М.Лхагва арсланг 1 удаа, Х.Өлзийсайхан арсланг 1 удаа, Ц.Бадамсэрээжид арсланг 1 удаа орхин түрүүлж байжээ. Харин 2 удаа үзүүрлэхдээ Ц.Чимэд-Очир, Ж.Цэвээнравдан аваргуудад өвдөг шороодож байжээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн