Монгол улсын Үндэсний спортын алдартнууд цуврал: Н.Жамъян аварга



Монгол улсын Үндэсний спортын гавьяат мастер, Үндэсний бөхийн Даян аварга “Буур” хэмээх Нацагийн Жамъян хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутагт 1899 онд мэндэлжээ.

Н.Жамъян анх Баянжаргалантын хийдийн наадмын бөхийн оноо, дансанд бүртгүүлэн барилдаж байжээ. Тус наадамд очсон ахмад бөхчүүд Нацаг зааны хүү Жамъянгийн тухай яриаг ам дамжин ярилцаж байсан ГЭДЭГ. Н.Жамъян 20 орчим насандаа 130.6 кг жинтэй, 2 м 30 см өндөртэй байсан ГЭДЭГ. Алдарт бөх Н.Жамъян нутгийн бөхчүүдийн хамт 1925 оны Улсын баяр наадамд ирж барилдснаар бөхийн их түүх нь эхэлсэн байдаг. Н.Жамъян Ардын хувьсгалын 4 жил, анхдугаар Улсын баяр наадмын бөхийн барилдаанд 3-н даваанд “Молиго бүргэд” хэмээх П.Бат-Очирыг, “Арвайхээрийн” хэмээх О.Аюур,  “Босоо” хэмээх С.Шагдар нарыг даван үзүүр, түрүүнд Г.Самдангийн хамт үлдэн үзүүрлэсэн. Ийнхүү Улсын баяр наадамд ирж барилдсан анхны жилээ Халхын алдарт бөхчүүдийг ээлж дарааллан хаян үзүүрлэж улсын арслан цол хүртэж байжээ. Жилийн дараа 1926 оны Улсын баяр наадмад 960 бөх барилдахад “Далай вангийн төмөр дэгээ” хочит Ш.Төмөрбаатараар 10 даван түрүүлж улсын аварга цол хүртсэн.

Н.Жамъян аваргын барилдааны амжилтаас дурьдвал:

  • 1925 оны 9 давж үзүүрлэж улсын арслан
  • 1926 онд 10 давж түрүүлж улсын аварга
  • 1927 онд 10 давж түрүүлж даян аварга
  • 1928 онд 7 давсан
  • 1934 онд 7 давсан
  • 1937 онд 6 давсан
  • 1939 онд 5 давсан
  • 1940 онд 7 давсан
  • 1941 онд 7 давсан
  • 1942 онд 7 давсан
  • 1946 онд 5 давсан

Н.Жамъян аварга идэр залуу үедээ Алтайг давж Алшаа нутгаар хэд хэдэн удаа жин тээн явж байжээ. Нэгэн удаа 30 гаруй цуваатай тэмээн жин нь гүүрээр гарч явахад хамгийн сүүлд нь явсан ачаатай бууран тайлаг доош цөмрөн унахыг завдахад Н.Жамъян бөгсөн талаас нь өргөн гүүрний бүтэн хэсэгт гаргаж байсан. Энэ цагаас хойш Н.Жамъянг “Буур” Жамъян хэмээн нэрлэдэг болсон. Н.Жамъян аварга 1969 онд Монголын биеийн тамир спортын III Их хуралд төлөлөгчөөр оролцохдоо БНМАУ-ын Үндэсний спортын гавьяат мастер цолоор шагнагдаж байжээ. Н.Жамъян аварга өөрөө барилдахаас гадна хойч үедээ бөхийн уламжлалыг өвлүүлэн үлдээхэд ихээхэн анхаарч байсан. Тухайлбал: Дархан аварга Ж.Мөнхбат ... нарын олон арван бөхөд зааж сургаж байсан.

Ю.Цэдэнбал дарга, Н.Жамъян аварга нар

 

Баруун гар талаас: Даншгийн аварга Буянтоо аварга, Н.Жамъян аварга, Ерөнхий сайд Х.Чойбалсан, "Их Монгол" Шаравжамц аварга, улсын арслан "Гулзгай" Дамчаа, улсын арслан "Хужаа" Чүлтэмсүрэн нар. 1940 он, Яармагийн дэнж

 

Н.Жамъян аварга засуулын хамт

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн