Мартагдашгүй : UFC200



Холимог тулааны ноён оргил UFC-ийн зүгээс түүхэнд байгаагүй том бэлгээ задлах гэж байна. Тэртээ 1993 оны 11 сарын 12-нд UFC1 нэртэйгээр гараагаа эхэлж байсан бол өдгөө нийт 360 гаруй арга хэмжээ зохион байгуулаад байна. Энэ хугацаанд олон гайхамшигтай тулаанууд, сэтгэл хөдөлгөсөн мөчүүд үзэгч биднийг огтхон ч уйдаагаагүйгээс гадна олон шилдэг аваргуудыг өлгийдөн авсан гайхалтай он жилүүд байсан. Тэгвэл эдгээр хугацаанд байгаагүй том тулаан зохион байгуулах гэж байгаа нь UFC200 юм. Энэ өдөр UFC-ийн хувьд түүхэн тэмдэглэлт өдөр болж байгаа нь баяр дээр баяр гэлтэй. UFC-ийн сор болсон бүхий л тулаанчид энэ өдрүүдэд тулалдах бөгөөд 5 аваргын бүсийн тулаан байгаа нь гайхалтай. Тухайн долоо хоногыг тулаанаар амьсгалуулж UFC Fight Night: Дос Анжос-Алварез, Ultimate Fighter Finale:Иоанна Иенжейчик-Клаудиа Кадела, UFC200:Жонес-Корьмиер2 гэсэн тулаанууд 7 сарын 8-аас эхлэн 3 өдөрдараалалж тулаан байгаа нь холимог тулаан сонирхогчдын хувьд мартагдашгүй 7 хоног болж өнгөрөх нь.

 

7 сарын 8               UFC Fight Night:Дос Анжос-Алварез

Хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн олон тамирчидтай, аваргын бүс нэхэгчид олонтой гээд 70кг жин ярих юм олонтой. Энэ жингийн аварга Рафаел Дос Анжос шилдэг болгоныг дарж энэ эрхэм цолонд хүрээд байгаа билээ. Сүүлийн тулаандаа дараагын аварга гэж яригдаж байсан Ковбой Серронег юу ч болгоогүй. Тэгвэл Ковбой Серронед шүүгчдийн шийдвэрээр ялагдаж байсан Эдди Алварез түүний бүсийг булаахаар гарч ирээд байна. Bellator холбооны босоо аварга Алварез UFC-д орж ирээд 3 тулаан хийсэн бөгөөд сүүлийн тулаандаа Гилберт Мелендез-ыг буулган авсан нь бүсийн төлөө гарч ирэхэд том нөлөө үзүүлсэн.2 тулаанчын арга барил таарах ба ямартай ч гал гарах нь ойлгомжтой бөгөөд бид шинэ аваргыг харах магадлал өндөр байгаа юм.

 

7 сарын 9               Ultimate Fighter Finale:Иоанна Иенжейчик-Клаудиа Кадела

Эмэгтэй жин тэр тусмаа Strawweightбуюу 52кг жин нь ердөө 2 жил гаруй нүүр үзэж байгаа бөгөөд ихэнх тулаанчидаа TUF-аас гаргаж ирдэг онцлогтой. Польш бүсгүй Ионна Иенжейчик UFC-ийн түүхэнд Европ тивээс гарсан анхны эмэгтэй аварга юм. Сүүлийн саруудад их л хэрүүл шуугиантай байгаа 2 бүсгүй өмнө нь 2014 оны 12 сард өөд өөдөөсөө тулж байсан ба Иенжейчик шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулж байсан. Иенжейчик 11-0 гэсэн амжилттай байгаа бол түүний өрсөлдөгч Клаудиа Кадела13-1гэсэн амжилттай байгаа. Магадгүй Польш бүсгүй бүсээ хамгаалаад энэ янзаараа яваад байвал дээд жингийн аваргатай супер тулаан хийхийг ч үгүйсгэхгүй. Энэ нь дээд жингийн өрсөлдөөн ямар байхаас л хамаарах зүйл.

 

7 сарын 10               UFC200:Жонес-Корьмиер2

UFC-ийн өнөө цагын магадгүй түүхэн дэх хамгийн шилдэг тулаанчид бол яах аргагүй цагыг эзэлсэн домогт аварга Жон Жонс болон түүний мөнхийн өрсөлдөгч Даниел Корьмиер нар юм. Корьмиер дээд жингээс бууж ирэхдээ л аварга авна гэсэн зорилготой ирсэн нь ойлгомжтой. Түүнийгээ ч авж чадсан. Гэхдээ жинхэнэ аварга Жон Жонсыг хожиж биш. Эхний тулаанд тун ойрхон өрсөлдөөн үзүүлсэн хэдий ч аваргын давуу эрхээр Жонес ялалт байгуулсан.Дараагаар нь түүнийг бүсээ хураалгасан хооронд жингийн Жонсон, Густафссон гэсэн томчуудыг буулган авч аварга болсон. Тэр тусмаа Тамлагч хочит Швед залуу Густафссонтой хийсэн тулаан нь Корьмиер-г улам түвшин ахиулсан гэж хэлж болно. Нэг жинд нэг л аварга байдаг хойно 2 тулаанч шийдвэрлэх тулаандаа бүх хүчээ шавхах нь ойлгомжтой. Энэ тулаан холимог тулааны түүхэнд тод үлдэх гайхалтай тулаан болно гэдэгт бат итгэлтэй байна.

Тулаан өмнөх шигээ 5 үе явах магадлалтай. Эхний уулзаан дээр 2 тулаанчаас үзэгчдийн хүсэн хүлээсэн тулаан төдийлөн гарч өгөөгүй бөгөөд аль аль нь хойш суусан, болгоомжилсон байдал ихээр ажиглагдаж байсан. Харин энэ удаад арай л өөр тулаан гарна. Нэг нэгнийхээ арга барил онцлогыг мэдсэн тулаанчид аюултай байдаг. Урьд нь үзсэн Корьмиер одоогын Корьмиер 2 огт өөр болсон. Жонес-оос хүнд цохилттой, бяртай Энтони Жонсон, Жонес шиг өндөр урт мөчтэй Александер Густафссон нартай тулалдаад дээрээс нь ялаад үзцэн хүн гэдэг бол шал ондоо. Эсрэгээрээ Жонес формын хувьд дутуу байгаа боловч тулаангүй үедээ дасгал сургуулилт, хүчний дасгал зэргийг өндөр түвшинд бэлдэж байсан нь Корьмиер-т зориулсан тусгай бэлэг байх болно.

 

Брок Леснар – Марк Хант

Мэдээж хүнд жингийн хуучин аварга үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн хүн бол Брок Леснар. Тэрээр Кейн Веласкез-н золиос болж улмаар холимог тулаанаас хөндийрч WWE-д сүрийг үзүүлж байгаад бүхэл бүтэн 6 жилийн дараа огтагон дээр эргэн ирэлтээ хийж  байна. Түүнийг угтаж авахаар Супер Самоан буюу домогт Марк Хант байх нь. Энэ тулаан UFC200-г хамгийн ихээр чимж байгаа бөгөөд тус тулаанд баттай хүнд цохилт гарна. Гахцхүү аль нь газар унаж аль нь хөл дээрээ зогсож байх нь сонирхолтой. Марк Хантын хүнд гарыг амсвал Брок Леснарт ямар ч найдвар байхгүй гэсэн  үг. Леснар ямартай ч зүгээр л цохиулах гэж эргэн ирээгүй нь ойлгомжтой. Түүнийг юутай ирсэнийг дэлхий нийтээрээ харж хүлээж  байгаа.

 

Миша Тате Аманда Нунес

Олон жилийн карьерынхаа мөрөөдлийг биелүүлээд удаагүй байгаа Тате бүсээ хамгаалах эхний тулаандаа Бразилын Аманда Нунес гэгч сайн барилдаанч, хөл гар хүндтэй бүсгүйтэй туладхаар болсон. Нунес-н хувьд маш том боломж гарч ирж байгаа бөгөөд өндөр болон гарын уртаар өрсөлдөгчөөсөө бага зэрэг  илүү байгаа нь түүний давуу тал болж байгаа. Нунес БЖЖ-н хар бүстэй, жүдогоор хичээллэдэг бол Тате-н хувьд жиндээ шилдэг барилдаанчдын тоонд зүй ёсоор ордог. Тулаан босоогоос 5 үе явах боломж өндөр бөгөөд Тате бүсээ тийм ч амар алдчихгүй байх. Энэ жинд Ронда Роузи, Холли Холм нар хүчтэй эргэн ирэлт хийх нь цаг хугацааны асуудал болоод байгаа бөгөөд Тате энэ тулаанд бүсээ хамгаалах юм бол Ронда Роузи-гаас 2 удаа ялагдсан хариугаа авах сайхан боломж нээлттэй хэвээр үлдэх юм.

 

Жосе Алдо – Фрэнки Эдгар

Жингийн аварга Конор МакГрегор дээшилснээс болж одоо аваргын бүс түр хугацаанд эзэнгүй байгаа. Түр хугацааны аваргын бүс эртний танилуудыг дахин уулзуулж байна. Нэгэн цагт Алдог босоо байх үед Эдгарт нэрээ цуурайтуулах боломж гарч ирж байсан. Гэвч тэр боломжоо алдсан. Харин түүнд дахин боломж гарч ирж байгааг Эдгар алдхыг хүсэхгүй. Эдгар сүүлд Чад Мендез-г нам цохиж унагасан бол Алдо сүүлд МакГрегорт нам цохиулж унасан. Энэ нь Алдод маш хүнд туссан ба эсрэгээрээ түүнийг улам их хурцалж байгаа. Алдо мэдээж хариугаа авахыг хүсэж байгаа бөгөөд энэ тулаанд эхлээд ялах хэрэгтэй. Энэ тулаан яахаас хамаарч Алдо-н цаашдын ирээдүй тодорхой болно. Босоо аварга байсан хүн боломжоо алдахад юу болдогыг багийн анд Ренан Барао тодоор харуулсан байх.

 

Кейн Вэласкез Травис Бровне

Хүнд жингийн маш чухал ач холбогдолтой тулаан бол энэ тулаан. Энэ 2-н аль ялсан нь Миочич-Овереем ялсантай нь бүсийн төлөө үзэх нь тодорхой. Бүсээ алдсанаас хойшх анхны тулаанаа хийх гэж байгаа Веласкез энэ тулаанд ялж байж дараань бүсээ ярих хэрэгтэй. Учир нь Бровне бол жиндээ хамгийн уран гоё нокаут хийдэг, дээрээс нь 201см өндөртэй, хурдтай тулаанч. Тулаан Веласкез-н талд шийдэгдэх магадлал өндөр байгаа боловч хүнд жингийн тулаанд юу бол юу л болдог. Хэрэв Бровне ялалт байгуулах юм бол түүнийг шууд аваргын төлөө гаргаад ирэхэд бэрх учраас жингийн шилдгүүд болох Дос Сантос магадгүй Бэн Ротуэлл-той үзүүлэх боломжтой юм.

 

Жонни Хендрикс, Келвин Кастелум, ТЖ Диллашау, Рафаел Ассунжао,  Сеж Норткутт, Диего Санчез, Жоу Лаузон, Тиаго Сантос, Гегард Мусаси, Жим Миллер, Таканори Гоми, Кат Зингано, Жулиана Пенна гэсэн шилдгийн шилдэг тулаанчид нэг дор тулалдна гээд бодоод үздээ. Алдаж болохгүй боломж гэж энийг л хэлэх байх.

 

Тулаан Лас Вегаст Т-Mobile Arena-д болох бөгөөд  ордон нийтдээ 20 мянган хүний суудалтай юм. 2016 оны 4 сард нээлтээ хийсэн тус ордон одоогийн байдлаар 10 гаруй арга хэмжээ зохион байгуулаад байгаа. Дашрамд хэлэхэд энэ оны 8 сарын 21 нд болох UFC202:МакГрегор-Диаз2 нарын тулаан энэ ордонд болохоор товлогджээ.

 

Г.Баярцогт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн