Монгол улсын Үндэсний спортын алдартнууд цуврал: Д.Цэрэнтогтох



Монгол улсын Үндэсний спортын гавьяат мастер, Даяар дуурсагдах Далай даян дархан аварга “Хар аварга” хэмээх алдаршсан Дашдоржийн Цэрэнтогтох 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт мэндэлжээ.

Д.Цэрэнтогтох аварга бол Үндэсний спортоос төрөн гарсан 3 дахь гавьяат бөгөөд спортын гавьяат мастер цолыг хамгийн сүүлд хүртэж байжээ. Тэрээр 1991 онд Үндэсний спортын гавьяат мастер цолоор шагнагдаж байжээ. 1992 оноос хойш Монгол улсын спортын гавьяат мастер цолыг гавьяат тамирчин болгон шинэчлэн олгож эхэлсэн байдаг. Д.Цэрэнтогтох аварга 1968 онд Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн АШТ-нд барилдаж түрүүлснээр бөхийн гараагаа эхлүүлж байжээ. Улмаар 20 настайдаа Ардын цэргийн албанд татагдан ирж, тэр жилийнхээ Улсын баяр наадамд анх зодоглохдоо Ч.Бээжин аваргаар 5, П.Дагвасүрэн арслангаар 6 давж “өсөх идэр” начин цол хүртсэн. Д.Цэрэнтогтох аварга Улсын баяр наадамд барилдахдаа 4 удаа түрүүлж, 5 удаа үзүүрлэж байжээ.

Мөн тэрээр Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор барилдаж Зуны Олимпийн наадамд 2 удаа, ДАШТ-нд 3 удаа эх орноо төлөөлөн оролцож байжээ. Д.Цэрэнтогтох аварга бол Монгол улсын чөлөөт бөхийн хүнд жингийн шилдэг тамирчны нэг байсан бөгөөд 1980 оны Москвагийн Олимпийн наадамд шагналт 5-р байранд шалгарч байсан. 1978 оны ДАШТ-ээс 5-р байранд шалгарч, 1975 оны Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн. Түүний үзүүлсэн бас нэгэн гайхалтай амжилт бол 1974 оны Ираны Тегеран хотноо болсон АШТ-нээс Монголын анхны Тивийн аваргын алтан медалийг эх орондоо авчирч байсан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн