Монгол улсын Үндэсний Спортын алдартнууд цуврал: Ч.Мөнхцэцэг



Монгол улсын Үндэсний сурын спортын анхны гавьяат, Улсын Баяр наадмын Үндэсний сурын харвааны Дархан мэргэн, удамт харваач Чойжилсүрэнгийн Мөнхцэцэг 1961 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд мэндэлжээ.

Үндэсний сурын спортын гавьяат тамирчин, тэшүүрийн спортын мастер Ч.Мөнхцэцэг мэргэн анх 1978 оны Улсын баяр наадамд 2-р байранд шалгарч байжээ. Тэр цагаас хойш Төрийн наадмын сурын алтан зурхайд олон жил өмнөд амжилттай харваж байсан. Мөн тэрээр Төрийн наадмын сурын харваанд хамгийн олон буюу 6 удаа түрүүлээд байгаа бөгөөд энэ амжилт нь Төрийн наадмын сурын харвааны оргил амжилт юм.

Дархан мэргэн, Гавьяат тамирчин Ч.Мөнхцэцэг мэргэний амжилтаас дурьдвал:

  • 1982 онд түрүүлж Улсын мэргэн
  • 1985 онд түрүүлж Хошой мэргэн
  • 1993 онд түрүүлж Гоц мэргэн
  • 1994 онд түрүүлж Гарамгай мэргэн
  • 1997 онд түрүүлж Даяар дуурсах мэргэн
  • 1999 онд түрүүлж Дархан мэргэн цол хүртэж байснаас гадна
  • 1978 онд 2-р байр
  • 1992 онд 2-р байр
  • 1995 онд 2-р байр
  • 1996 онд 2-р байр
  • 1980 онд 3-р байр
  • 1986 онд 3-р байр
  • 1988 онд 3-р байр
  • 2000 онд 3-р байранд шалгарч байжээ

Ч.Мөнхцэцэг мэргэн бол удамт харваач бөгөөд түүний аав Р.Чойжилсүрэн Улсын наадмын хошой мэргэн цолтой бол нөхөр Б.Энхбаатар, эгч Ч.Мөнхтуяа, ах Ч.Мэндбаяр нар спортын мастер цолтой харваачид юм. Дархан мэргэн, гавьяат тамирчин Ч.Мөнхцэцэг Төрийн наадмын түрүүг 6 удаа хүртэснээс гадна УАШТ-нд 9 удаа түрүүлж байжээ. Мөн тэшүүрийн спортоор хичээллэж 1984-1990 онд Улсын шигшээ багийн тамирчин байсан юм. Тэшүүрийн спортоор хичээллэхдээ УАШТ-нд 4 удаа түрүүлж, Монголын бүх ард түмний спартакиадаар 2 удаа, улсын рекорд амжилтыг 5-таа шинэчлэн тогтоож байжээ. Ийм түүний амжилтыг өндрөөр үнэлж 1998 оны 7 сард Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор шагнасан байна. Энэ бол Үндэсний сурын спортоос хүртсэн анхны гавьяат болсон юм. Өдгөө Дархан мэргэн Ч.Мөнхцэцэгийн сурын алтан зурхайд үзүүлсэн амжилтанд хамгийн ойрхон байгаа харваачид бол Даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү, Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, эмэгтэй харваачдаас Даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал, Гарамгай мэргэн Х.Оюунчимэг нарын мэргэн харваачид байна.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн