НБА-н 5 удаагийн аварга Т.Данкан 19 жилийн карьераа өндөрлүүллээ



Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо (НБА)-ны Сан Антонио багийн лидер “Тими” буюу Тим Данкан их спортоо орхилоо. Тэрээр 19 улирал НБА-д тоглохдоо зөвхөн Сан Антонио Спөрс багийн төлөө тоглож, 5 удаа НБА-н аварга болж, мөн НБА-н финалын үнэ цэнэтэй тоглогчоор 3 удаа, НБА-н улирлын үнэ цэнэтэй тоглогчоор 2 удаа, Бүх-Оддын тоглолтонд 15 удаа сонгогдож байжээ.

Т.Данкан 19 жил тоглохдоо НБА-д өөрийн гэсэн байр сууриа баттай эзэлж чадсан бүх цаг үеийн шилдэг хүчний довтлогчдын нэг юм. Т.Данкан 1997 оны драфтын 1-р сонголтоор Вейк Форэст коллейжийн багаас Сан-Антонио Спөрс багт ирж байсан юм. Ийнхүү 1997 оны драфтын ангийнхны сүүлчийн төлөөлөл Т.Данкан сагсан бөмбөгийн талбайгаа орхиж байна.

1996 онд Сан-Антонио Спөрс багийн дасгалжуулагчаар томилогдсон Г.Попович дараа жил нь Т.Данканыг багтаа авчирснаар “Адмирал” хочит Д.Робинсонтой хамтаар “Их цамхаг”-ыг бүрдүүлсэн юм. Ингэснээр Сан-Антонио Спөрс баг анх удаагаа 1999 онд НБА-н аварга болж байжээ. Дараа нь Г.Попович багтаа шинэчлэлийг эхлүүлж Т.Паркер, М.Жинобли нарыг багтаа авчирснаар Т.Данкан, Т.Паркер, М.Жинобли гэсэн орчин цагийн “Их Гурвал”-ыг бий болгож чаджээ. Ингээд тэд хамтдаа 4 удаа НБА-н аварга болсон бол Т.Данкан 5 удаа аваргын бөгжийг зүүсэн.

Т.Данкан өдгөө 40 настай бөгөөд НБА-н хамгийн ахмад тамирчдын нэг юм. Тэр өөрийн карьерынхаа 19 жилийн 18-д нь НБА-н плэй-оффын шатанд багтайгаа шалгарч байжээ. Энэ нь түүнийг ямар тоглогч болохыг харуулж байна. Түүнээс гадна Т.Данкан АНУ-ын шигшээ багийн хамтаар Афины Олимпийн наадмаас мөнгө, Америк тивийн АШТ-нээс хошой алтан медаль хүртэж байсан.

НБА-н нэгэн домог болсон тоглогч Т.Данканы талаар сагсан бөмбөгчид үзэл бодлоо ийн илэрхийлжээ:

  • Лос-Анжелес Лейкер багийн тоглогч асан К.Брайнт “хэн Данкан шиг 10 арван дамжиж НБА-н цомыг 5 удаа өргөсөн юм бэ, баяр хүргье, Данкан” гэсэн бол
  • Голден Стайт Уорриорз багийн тоглогч С.Карри “эрин төгслөө. Чиний зам бол ялалтын зам. Баяр хүргье, Тими” гэжээ.
  • Мөн багийн анд Т.Паркер “чи бол үргэлж агуу хүчний довтлогч. Чамтай хамт тоглож байсан маань нэр төрийн хэрэг” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ
  • Тэгвэл “Их Гурвал”-ын нэг М.Жинобли өөрийн твиттер хуудаснаа “би энэ мэдээ ирэх талаар мэдэж байсан. 14 жил түүнтэй хамт тоглох нэр төрийн хэрэг байлаа, баярлалаа Т.Д” гэж бичсэн байна
  • Мөн НБА-н комиссар А.Силвер “Тим Данкан бол НБА-н түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг. Тэр 2 аравны турш Спөрс болон Сан-Антонио хотын төлөөлөл байсан” гэж хэлжээ

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн