Монгол улсын Үндэсний Спортын алдартнууд цуврал: Д.Мөнх-Эрдэнэ



Монгол улсын Үндэсний бөхийн гавьяат тамирчин, Самбо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт, Улсын арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ 1964 онд Архангай аймгийн Булган суманд мэндэлжээ.

Үндэсний спортын гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ бол бөхчүүд дундаа өндөр боловсролтой эрхэм юм. Тэрээр хуучнаар ЗХУ-ын Рига хот, одоогийн Латви улсын нийслэл Рига хотноо нисэхийн удирдлага мэргэжлээр, 1998 онд МУБИС-ийг биеийн тамирын багш, 2000 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо нисэхийн академи төгссөн. Өдгөө тэрээр Иргэний нисэхийн ерөнхий газарт алба хашиж байна. Мөн тэрээр англи, орос хэлтэй.

Д.Мөнх-Эрдэнэ арслангийн өвөг эцэг Гомбосүрэн нь их хүч тэнхээтэй хүн байсан бол ээжийнх нь ах аймгийн арслан цолтой хүн байжээ. Ерөнхийдөө хоёр талаасаа бөхийн удамтай юм. Улаанбаатар хотын 28-р сургуулийн сурагч ахуйдаа Монголын пионерийн ордонд Гомбо багшийн удирдлага дор бөхийн спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Улсын баяр наадамд анх 1985 онд зодоглож байсан. Харин идэр насандаа буюу 1987-1990 он хүртэл барилдаж чадаагүй юм. Энэ хугацаанд ЗХУ-д сургуульд сурч байсан ажээ. Ингээд 1991 онд 27 насандаа тухайн үеийн улсын начин Ч.Бямбадоржоор 5 давж улсын начин цол хүртэж байсан. Д.Мөнх-Эрдэнэ арслан Монгол Үндэсний бөхийн арслан цолтой бөхчүүдээс хамгийн олон буюу 5 удаа Улсын наадмын түрүү, үзүүр булаалдсан байдаг. Гэхдээ бас нэг сонирхолтой баримт бол 5 удаа үзүүрлэхдээ зөвхөн Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон байдаг.

Улсын баяр наадамд:

  • 1991 онд 512 бөхөөс 5 давж начин
  • 1992 онд 512 бөхөөс 8 давж үзүүрлэн заан
  • 1993 онд 512 бөхөөс 8 давж үзүүр
  • 1994 онд 768 бөхөөс 6 давсан
  • 1995 онд 512 бөхөөс 8 давж үзүүрлэн арслан
  • 1996 онд 512 бөхөөс 8 давж үзүүр
  • 1997 онд 512 бөхөөс 8 давж үзүүр
  • 1998 онд 512 бөхөөс 6 давсан
  • 1999 онд 512 бөхөөс 6 давсан
  • 2000 онд 512 бөхөөс 6 давсан
  • 2001 онд 1024 бөхөөс 6 давсан
  • 2002 онд 512 бөхөөс 6 давсан

Д.Мөнх-Эрдэнэ арслан үндэсний бөхөөс гадна самбо, жүдо бөхийн спортоор хичээллэдэг байсан. 2001 онд ОХУ-ын Красноярскт болсон ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн бол ААШТ-ээс 3 удаа алтан медаль хүртсэн. Мөн жүдо бөхийн ОУ-ын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль удаа дараа хүртэж байсан. Д.Мөнх-Эрдэнэ арслангийн үндэсний спортод үзүүлсэн амжилтыг нь төрөөс өндрөөр үнэлэн 1998 онд МУ-ын гавьяат тамирчин цолоор шагнасан байдаг.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн