Монгол улсын Үндэсний Спортын алдартнууд цуврал: Ш.Даваахүү



Монгол улсын Үндэсний сурын спортын гавьяат тамирчин, Даяар дуурсагдах мэргэн Шагжсүрэнгийн ДАВАААХҮҮ 1964 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мэндэлжээ.

Үндэсний сурын спортоор эрэгтэй харваачид дундаа ноён оргил нь болсон Даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүү Ардын төрийн наадамд 4-төө түрүүлсэн бол МНТ-ны 750 жилийн Даншиг наадамд түрүүлж байжээ. Өдгөө тэрээр Орхон аймгийн “Хангарьд” спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж байна. Түүний шавь нараас улсын мэргэн Б.Ёндон, улсын мэргэн Д.Дэмбэрэлсамбуу, улсын мэргэн н.Сүлдболд нарыг дурьдаж болно.

Ш.Даваахүү мэргэн анх 1988 оноос сурын спорттой холбогдож байжээ. Түүний аав нь нум сум харвадаг байсан бөгөөд нэгэн удаагийн наадмаар хамт авч явснаар түүний сурын спортоор хичээллэх эхлэл нь болсон. Ингээд дараа жил нь буюу 1989 оноос эхлэн сурын спортоор эрчимтэй хичээллэсэн. 1990 онд Тосонцэнгэл суманд болсон Завхан аймгийн АШТ-нд амжилттай оролцож түрүүлсэн нь ирээдүйн Даяар дуурсагдах мэргэний их амжилтын эхлэл болсон. Гэхдээ Ш.Даваахүү мэргэний хүүхэд насны сонирхол нь сагсан бөмбөг, волейбол, бөхийн спорт байжээ. Ялангуяа жүдо бөхийн спортоор өсвөрийн УАШТ-нд оролцож медаль хүртэж байсан ГЭДЭГ.

Даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүүгийн амжилтаас дурьдвал:

  • 1990 оны Улсын наадамд 40 сумнаас 35 онож түрүүлэн Улсын мэргэн
  • 1990 оны МНТ-ны 750 жилийн даншиг наадамд 33 онож түрүүлэн Хошой мэргэн
  • 1993 оны Улсын наадамд 40 сумнаас 39 онож түрүүлэн Гоц мэргэн
  • 1995 оны Улсын наадамд 40 сумнаас 40 онож түрүүлэн Гарамгай мэргэн
  • 1999 оны Улсын наадамд 40 сумнаас 36 онож түрүүлэн Даяар дуурсагдах мэргэн

Ш.Даваахүү мэргэн бол 1 жилийн дотор Үндэсний сурын 2 цолыг хүртсэн цорын ганц харваач юм. Тэрээр 1990 онд Улсын наадамд түрүүлж мэргэн цол хүртсэн бол мөн ондоо болсон Даншиг наадамд түрүүлж Хошой мэргэн цол хүртсэн. Үүнээс гадна УАШТ-нд 11 удаа түрүүлж, 140 гаруй медаль хүртэж байсан. Түүний шавь нараас өдгөө Улсын мэргэн, спортын мастер цолтой харваачид олон төрсөн. Ш.Даваахүү мэргэний Үндэсний спортод үзүүлсэн амжилт, Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь үзүүлж буй зүтгэлийг үнэлэн 2001 оны 7 сард Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнасан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн