Монгол улсын Үндэсний спортын алдартнууд цуврал: А.Цэвээн



Монгол улсын Үндэсний сурсын спортын АНХНЫ хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Гарамгай мэргэн Аюушийн Цэвээн агсан 1924 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт мэндэлжээ.

Үндэсний сурын спортоос төрсөн анхны хөдөлмөрийн баатар А.Цэвээн агсан анх 1950-иад оны дунд үед Эрээний тэрэгний үйлдвэрт ажилласан нь хожмын сурын спортоор хичээллэх эхлэл байжээ. А.Цэвээн мэргэн цэргээс халагдаад багийн дарга, үйлдвэрийн ажилчин хийж байгаад 1955 оноос Улаанбаатар хотод суурьшжээ. Ингээд тээврийн жолооч олон жил хийсэн. Тэрээр 1970-аад оны эхээр нутгийн мэргэн харваач Ц.Пүрэвийн нөлөөгөөр сурын спортод хөл тавьж байсан. Түүнээс өмнө 1950-иад оны үед нутагтаа ажиллаж, амьдарч байхдаа Эрээний тэрэгний үйлдвэрийн ажилчидтай буриад сур харвадаг байсан нь А.Цэвээн мэргэнд их дөхөм байсан ГЭДЭГ. Ингээд сурын спортоор хичээллээд жилийн дараа буюу 1973 онд Улсын Баяр наадамд АНХ удаагаа түрүүлж УЛСЫН МЭРГЭН цол хүртжээ.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин А.Цэвээний амжилтаас дурьдвал:

  • 1973 оны Улсын наадамд түрүүлж улсын мэргэн
  • 1977 оны Улсын наадамд түрүүлж хошой мэргэн
  • 1984 оны Улсын наадамд түрүүлж гоц мэргэн
  • 1988 оны Улсын наадамд түрүүлж гарамгай мэргэн цол хүртэж байсан.

Үүнээс гадна хамгийн олон удаа буюу 8 удаа дэд байранд шалгарч байжээ. Тэрээр 1974, 1976, 1978, 1979, 1980, 1982, 1985, 1986 онуудад Улсын баяр наадамд аман хүзүүдэж байсан. 40 гаруй жил сурын спортоор хичээллэхдээ А.Цэвээн агсан Улсын наадамд 4 түрүүлж, 8 удаа үзүүрлэсэн. Өөрөөр хэлбэл 12 удаа Улсын наадмын шигшээд шалгарч байжээ. Мөн тэрээр 2003 онд болсон Ахмадын анхдугаар тэмцээнд түрүүлж байсан.

А.Цэвээн мэргэн зөвхөн өөрөө харвахаас гадна үндэсний өв соёл болсон сурын спортыг хойч үедээ өвлүүлэхэд ихээхэн анхаарч байсан. Үүний тод жишээ бол түүний хүү Ц.Хүдэрчулуу өдгөө аавынхаа амжилтыг давтан Улсынхаа баяр наадамд 4-төө магнайлж Гарамгай мэргэн цол хүртээд байна. Мөн Ц.Батчулуу, Ц.Энхчулуу нар нь бүгд спортын мастер, үүнээс гадна түүний ач, зээ нар нь ч Үндэсний сурын спортоор амжилттай хичээллэж байгаа. Ахмад дайчин, чөлөөлөх дайны холбоочин А.Цэвээн агсан 90 насыг давсан ч сурын алтан шар зурхайдаа нумаа эвшээлгэж байсан, үлгэр жишээ ахмад харваач юм. Ийм түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2003 онд МУ-ын гавьяат тамирчин, 2014 онд МУ-ын хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байсан.

Аав, хүү Гарамгай мэргэн А.Цэвээн, Ц.Хүдэрчулуун

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн