Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар жүдочдын салхийг хагална



Рио2016 Зуны Олимпийн жүдо бөхийн сугалаа гарлаа. Уламжлал ёсоор хамгийн хөнгөн эрэгтэй, эмэгтэй жингийн барилдаанаар тэмцээн эхэлнэ. Тэмцээн Рио-де-Жанейро хотын “Carioca Arena 2” цэнгэлдэх хүрээлэнд маргааш буюу 6-нд Улаанбатарын цагаар 22:00 цагаас эхэлнэ.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-н жинд ОУХМ Ц.Цогтбаатар барилдана. Ц.Цогтбаатарын эхний өрсөлдөгч нь Америк тивийн Гватемал улсын 21 настай жүдоч Х.Рамос юм. Х.Рамос энэ удаагийн Олимпийн наадамд оролцож буй Гватемал улсын цорын ганц тамирчин ажээ. Гватемал залуу Х.Рамос өнгөрсөн 7 сарын 2-нд Эль Сальвадор улсад болсон Пан Америкийн нээлттэй тэмцээнд 2-р байранд шалгарч байсан. Тэрээр анх удаагаа Олимпийн наадамд өрсөлдөж байна. Ц.Цогтбаатар Х.Рамостай анх удаагаа барилдах гэж байна.

ОУХМ Ц.Цогтбаатар өрсөлдөгчөө хожиж чадвал шөвгийн 32-т Финландын Ж.Рейнваллтай барилдана. 27 настай Фин залуу Ж.Рейнвалл манай улсын шилдэг жүдочид болох Г.Болдбаатартай энэ оны 5 сард Тбилисийн Гран При тэмцээнд таарч хожигдож байсан бол Д.Амартүвшинтэй өнгөрсөн оны 10 сард Парисын Их Дуулгад таарч мөн хожигдож байжээ. Ийнхүү Фин залуу Риогийн дэвжээн дээр 3 дахь Монгол жүдочтой барилдах гэж байна.

Манай улсын жүдоч Ц.Цогтбаатарын хэсэгт 60 кг-н чансааг тэргүүлэгч БНСУ-ын тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт Ким Вон-Жин, ДАШТ-ний мөнгөн медальт ОХУ-ын Б.Мудранов, Бээжингийн Олимпийн мөнгөн медаль, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Австри улсын Л.Пайшер, ДАШТ-ний хүрэл медальт Армени улсын О.Давтян нарын жүдочид багтсан.

Харин эмэгтэй 48 кг-н жинд өрсөлдөх МУГТ, Дэлхийн аваргын алтан медальт М.Уранцэцэг жингээ тэргүүлэн барилдана. М.Уранцэцэг хэсгээ тэргүүлж, эхний тойрогт хийллээд байна. Ингэснээр М.Уранцэцэг хэсгийнхээ хагас шигшээд Франц болон Австрали улсын бөхчүүдийн аль ялсантай нь барилдана.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн