Рио2016: Жүдо эмэгтэй 48 кг



Рио-2016 Зуны Олимпийн наадмын жүдо бөхийн медалийн эзэд тодорч эхлээд байна. Эмэгтэй 48 кг-н жинд Аргентин улсын тамирчин П.Парето алтан медалийн эзэн болжээ. П.Парето алтан медалийн төлөө БНСУ-ын жүдочин Чон Бо Кёныг вазаригаар явсан байна. Ийнхүү 30 настай П.Парето Аргентин улсдаа энэ удаагийн Олимпийн эхний алтан медалийг авчирлаа. Мөн тэрээр 2008 оны хүрэл медалийнхаа өнгийг алтан медалиар сольж чадлаа. Одоо П.Парето Олимп, Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байна. П.Парета 2008 оны Бээжинд хүрэл медаль хүртэж байсан бол 2012 онд хүрэл медалийн төлөөх барилдаанд Бельгийн Шарли Ван Сникт юко үнэлгээгээр ялагдсан байдаг.

П.Парета Олимпийн С хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд хэсэгтээ Оросын И.Долгова, Унгарын тамирчин Лондонгийн Олимпийн хүрэл медальт Э.Черновицки, хагас шигшээд Японы А.Кондаг ялж алтан медалийн төлөө шалгарсан.

Харин 48 кг-н жинд барилдсан МУГТ М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөө Чон Бо Кёнтой барилдаж иппоноор ялагдсан. Гэхдээ дагах барилдаанд Лондонгийн Олимпийн аварга, эзэн орны бөх С.Менезстэй барилдаж иппоноор ялсан. Ингээд хүрэл медалийн төлөө шалгарч үлдсэн ч Японы К.Амид эцсийн мөчид юко үнэлгээгээр хожигдож Олимпийн медалиас атгаад алдлаа.

Мөн 48 кг-н жинд барилдаж буй МУ-ын иргэн, Казахстан улсын тамирчин Г.Отгонцэцэг Олимпийн хүрэл медалийн эзэн болжээ. Г.Отгонцэцэг хэсгийн аваргын төлөө К.Амид ялагдсан ч торгуулийн барилдаанд Унгарын Э.Черновицки, Куба улсын Д.Местре Алварез нарыг хожиж хүрэл медалийн эзэн болжээ.

48 кг:

  • Алт: П.Парето (Аргентин)
  • Мөнгө: Чон Бо Кён (БНСУ)
  • Хүрэл: А.Кондо (Япон), Г.Отгонцэцэг (Казахстан)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн