Чингис Хаан Кап тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр явагдана



“Чингис хаан кап 2016” сагсан бөмбөгийн олон улсын тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөв. БНСУ-ын “Eagles” баг хэсгийн сүүлчийн тулаанаа Монгол улсын оюутны шигшээтэй хийсэн юм. “Eagles” нэг хожилтой байсан бол манай баг хараахан хожил авч чадаагүй байлаа. Тоглолт эхэлсэн цагаасаа хойш маш ширүүн өрсөлдөөнтэй болов. Манай залуус тэднийг хамгаалалтаараа жинхэнэ утгаараа сандаргаж байв. Харамсалтай нь эцсийн мөчид “Eagles” баг 112:101-ээр хожил байгуулан хэсэгтээ хоёрдугаар байр эзлэн хагас шигшээд өрсөлдөх боломжтой болсон юм. Тус тоглолтод Ким Хьюн Жун 40, Ким Жун Сун 29, Хео Сук Жин 27 оноо авсан юм. Манай багаас Г.Билгүүн 26, Наранбаатар 25 оноо авсан юм.

ОХУ-ын Буриадын баг, ӨМӨЗО-ы Хөх хотын их сургуулийн багтай хэсгийн сүүлчийн тулаанаа хийлээ. Хоёр баг хожил авч чадаагүй байсан тул аль аль багийн хувьд их чухал тулаан байсан юм. Улмаар Буриадын баг жигд тоглолтыг үзүүлсээр өрсөлдөгчөө 88:63-аар буулган авч, тавдугаар байрын төлөө тоглохоор боллоо. Тус тоглолтод Буриадын багийн бүх тоглогч сайн байсан нь статистикаас харагдаж байна. Таван тоглог 10-аас дээш оноо авчээ. Сергей Загиболав 15 оноогоор багаа тэргүүлжээ. Харин Хөх хотын их сургуулийн багаас Жан Бо Хуа 31 оноо авсан ч түүнд туслах тоглогч багт нь байсангүй.

B хэсэгт оноолт таарсан БНАСАУ-ын шигшээ, Монгол улсын үндэсний хоёрдугаар шигшээ багтай энэ өдөр боллоо. Манай залуус тоглолтын эхнээс ширүүн өрсөлдөөн үзүүлсэн бөгөөд харамсалтай нь эцсийн мөчид 107:101-ээр ялагдал хүлээсэн юм. Тус тоглолтод Ким Чоль Мён 30, Ким Чон Ил 29 оноо авч багаа хожилд хөтлөв. Тэгвэл манай багаас М.Дорждагва 24 оноо, 10 самбар, Алтаншагай 19 оноо авлаа. БНАСАУ-ын шигшээ ийнхүү нэг хожигдолгүй хэсгээ итгэл төгс тэргүүлж хагас  шигшээд шалгарлаа.  Монголын үндэсний хоёрдугаар шигшээ баг хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн тул Буриадын багтай тавдугаар байрын төлөө өрсөлдөх юм.

А хэсгийг Монголын залуучуудын шигшээ баг 100 хувийн амжилттай тэргүүлсэн юм. Тэд хэсгийн сүүлчийн тулаанаа Монголын үндэсний шигшээтэй хийсэн бөгөөд тоглолт дөрвөн үеийн турш маш өрсөлдөөнтэй боллоо. Харин тоглолтын төгсгөлийг залуучуудын шигшээ баг сайн хийснээр өрсөлдөгч буюу шигшээ багийн ах нараа 106:98-аар буулган авсан юм. Тус тоглолтын өмнө ОУХМ О.Сэргэлэн багтайгаа нэгдсэн байлаа. Залуучуудын шигшээ багаас А.Тэмүүжин 24, Б.Дархантөгс 21, Э.Дөлгөөн 16 оноо, 20 самбар авчээ. Харин шигшээ багаас Д.Дэлгэрням 22 оноо, 11 самбар, П.Болортулга 21 оноо авсан байна. Ийнхүү "Чингис Хаан Кап-2016" тэмцээний "A" хэсгээс Залуучуудын шигшээ баг нэгдүгээр байраар гарлаа. Тэд БНСУ-ын “Eagles” багтай хагас шигшээд учраа таарч байна. Энэ тоглолт өнөөдөр 15.00 цагаас СТО-д болно. Харин "A"хэсгээс хоёрдугаар байраар гарч байгаа Үндэсний шигшээ баг, хагас шигшээд БНАСАУ-н шигшээ багтай таарлаа.

“Чингис хаан кап 2016” сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн маргааш өндөрлөх юм.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн