Монгол улсын Үндэсний спортын алдартнууд цуврал: А.Сүхбат



Монгол улсын Үндэсний спортын ГАВЪЯАТ ТАМИРЧИН, Үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн ОУХМ Агваансамдангийн Сүхбат 1971 оны 6 сард Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ.

Ардын төрийн наадмаас төрөн гарсан 17 дахь, Төв аймгаас төрөн гарсан 3 дахь аварга А.Сүхбат 1970-аад онд төрсөн Монголын спортын томоохон төлөөлөл. Эцгээсээ бөхийн эрдэм заалгаж, хожмоо алдарт аварга Х.Баянмөнхийн шавь болж “Шонхор” БТДС-д элсэн орсноор их спортод эргэлт буцалтгүй хөл тавьж байжээ. Тэрбээр 1992 онд аймгийн арслан цол хүртэж байсан бол 1993 оны Улсын Их Баяр наадамд улсын заан Д.Баяраагаар 5, улсын начин Ш.Батхуягаар 6 давж Өсөх Идэр УЛСЫН НАЧИН цол хүртэж байсан. Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ 10 гаруй жил барилдахдаа 11 удаа 5 ба түүнээс дээш давсан.

Улсын баяр наадамд:

  • 1993 онд 512 бөхөөс Ш.Батхуяг начинаар 6 давж “өсөх идэр” начин
  • 1997 онд 512 бөхөөс О.Балжням аваргаар 7 давж улсын заан
  • 1998 онд 512 бөхөөс Б.Ганбатаар 6 давсан
  • 1999 онд 512 бөхөөс Ч.Батзоригоор 5 давсан
  • 2000 онд 512 бөхөөс Б.Гантогтох заанаар 9 даван түрүүлж арслан
  • 2001 онд 1024 бөхөөс Б.Бат-Эрдэнэ аваргаар 10 даван түрүүлж аварга
  • 2002 онд 512 бөхөөс Д.Бумбаяраар 7 давсан
  • 2003 онд 512 бөхөөс Э.Батбаатараар 7 давсан
  • 2004 онд 512 бөхөөс Б.Гантогтох заанаар 9 даван түрүүлж далай аварга
  • 2005 онд 512 бөхөс Б.Насандэлгэрээр 6 давсан
  • 2006 онд 1024 бөхөөс Б.Сэр-Одоор 6 давсан

Энэ бол түүний Улсын баяр наадамд үзүүлсэн амжилт. Үүнээс гадна чөлөөт, сонгомол бөх болон сонирхогчдын сүмо бөхөөр амжилттай барилдаж байсан. Чөлөөт бөхөөр ААШТ-нээс хүрэл, Зүүн Азийн АШТ-нээс мөнгө, бусад ОУ-ын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль удаа дараа хүртэж байсан. Мөн сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ний хошой аварга болж байсан. Түүний гаргасан амжилтыг үнэлэн 2005 оны 6 сард Монгол улсын үндэсний спортын гавъяат тамирчин цол олгож байжээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн