Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөв



Хагас шигшээд Хонг Конг, БНХАУ, Тайвань, Монголын оюутны шигшээд шалгарлаа.

Монгол-Макао 99:72

Монголын улсын оюутны шигшээ хэсгийн сүүлийн тоглолтод Макао улсын багтай учраа таарав. Манай залуус тоглолтын эхнээс тун нямбай үзсэн. Учир нь энэ тоглолтод хожигдвол медалийн төлөө өрсөлдөх эрхгүй болох байсан юм. Тиймээс дасгалжуулагч нар ч шавь нартаа их зүйлийг захиж талбайд гаргасан биз ээ. Эхний хагаст манай залуус 20 онооны тэргүүллийг олж авав. Өмнөх тоглолтод тэд Тайванийн хүчирхэг багийн эсрэг чөлөөт шидэлтийг тааруухан гүйцэтгэсэн нь хожигдох шалтгаан болсон. Тэгвэл Макаогийн эсрэг чөлөөт шидэлтийг манай залуус тун өндөр хувьтай шидсэн бөгөөд хоёр үед л 90 хувьтай шийдсэн юм. Гурав, дөрөвдүгээр үед Макаогийн баг онооны зөрүүг багасгах зүйл  хийж чадсангүй. Манай залуусын мэдэлд тоглолт үргэлжилсээр 99:72-оор өндөрлөв. Манайхан 45 хувьтай довтолсон нь хожлын үндэс боллоо. Мөн самбараас бөмбөг авалтаар манай залуус илт илүүрхсэн бөгөөд тэд нийт 52 удаа самбараас бөмбөг авчээ. Мөн алсын зайнаас илүү хувьтай довтолсон байна. Тус тоглолт А.Тэмүүжин багаа тэргүүлэн 22 оноо авсан бол Э.Дөлгөөн 13, А.Гансүх, О.Цэлмэг 12, А.Бямбадорж 10 оноо тус тус авсан юм. Ийнхүү Монгол Улсын оюутны шигшээ хэсгийнхээ хоёрдугаар байрт шалгарч, хагас шигшээд шатанд өрсөлдөх эрхтэй боллоо. Тэд их шөвөгт А хэсгийг тэргүүлсэн Хонг-Конгийн хүчирхэг багтай нүүр тулах юм. Тус тоглолт маргааш 16:00 цагаас Буянт-Ухаа спорт цогцолборт болно. 

А хэсэг

БНХАУ-Хонг Конг 84:95

А хэсгийн тэргүүн байрын төлөө БНХАУ, Хонг-Конгтой хүч үзлээ. Сагсан бөмбөг сонирхогчид тус тоглолтод БНХАУ-ын оюутны шигшээ хожих магадлал өндөр болов уу хэмээн таамаглаж байсан. Гэвч тоглолтын эхнээс Хонг-Конгийн баг хамгаалалтаа нямбай Хятадын шигшээг хүнд байдалд оруулав. Улмаар БНХАУ-ын залуус учраа олохгүй явсаар эхний хагаст 20 оноогоор хожигдож эхэллээ. Гуравдугаар үед БНХАУ-ын шигшээ сэргэлт авч онооны зөрүүг багасгасан ч Хонг-Конг хариу “цохилт” үзүүлсээр байв. Улмаар төгсгөлийн дөрөвдүгээр үе тэнцүүхэн өрнөсөн ч эцсийн мөчид Хонг-Конгийн илүү сайн довтолж, өрсөлдөгчөө 95:84-өөр буулган авч, хэсгээ тэргүүллээ. Харин БНХАУ-ын оюутны шигшээ хоёрдугаар байраар шалгарч хагас шигшээд хүч үзэх эрхтэй боллоо. Хоёр багийн тоглолтоос харахад Хонг-Конг багийн тоглолтын илүү үзүүлсэн нь тэдний хожлын гол үндэс болжээ. Тэд багаараа 26 оновчтой дамжуулалт өгсөн бол БНХАУ-ын залуус ердөө 16 дамжуулалт өгсөн аж. Энэ үзүүлэлт л тоглолтын ялагчийг шийдсэн юм. Бусад үзүүлэлтээр хоёр баг ойролцоо байлаа. Хонг-Конгийн багаас Цай Чой Кван 20, Чин Ка Хо 17 оноо авав. Харин БНХАУ-ын шигшээгээс Шэн И 31 оноо авч гайхалтай тоглолт үзүүлсэн ч баг нь ялагдал хүлээлээ.

В хэсэг

Тайвань-Казахстан 130:40

Хэсгийн эхний хоёр тоглолтдоо хожил аваад байсан Тайванийн шигшээ сүүлчийн тоглолтод хамгийн сул өрсөлдөгч Казахстаны багтай оноолт таарав. Тайвань тоглолтын эхнээс илүүрхсээр эхний хоёр үед л ялалтаа баталгаажуулсан юм. Сүүлчийн хагаст байдал дээрдсэнгүй. Тайвань давамгайлсаар өрсөлдөгчөө 130:40-өөр бутниргэв. Ийнхүү өмнөх Азийн оюутны АШТ-ий мөнгөн медальт Тайванийн шигшээ В хэсгийг 100 хувийн амжилттай итгэл төгс тэргүүллээ. Тэднийг удирдаж буй Америк мэргэжилтэн Чарлье Паркер “Бид энэ тэмцээнд түрүүлэх зорилготой ирсэн. Манай баг 21 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн бэлтгэл хийгээд Монголд ирлээ. Хэсгээ тэргүүлсэн нь сайхан хэрэг. Дараагийн шатанд хүнд учраанууд биднийг хүлээж байгаа. Тиймээс улам нямбай тоглох ёстой” хэмээлээ. Тайванийн шигшээ дараагийн шатанд БНХАУ-ын багтай учраа таарав. Тэд хоёр жилийн өмнө финалд хүч үзэж байсан түүхтэй. Тус тоглолтод БНХАУ-ын баг Тайванийг нутаг дээр нь “нухаж” байсан юм. Тиймээс одоо Тайванийн залуус хариугаа авахыг хэн хүнээс илүү хүсэж байгаа биз ээ. Тус тоглол маргааш Буянх-Ухаа спорт цогцолборт 18:00 цагаас болно.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн