ОУ-ын марафон гүйлтийн тэмцээнээс манай эмэгтэй тамирчин Ц.Санжидмаа мөнгөн медаль хүртжээ



БНХАУ-ын Линхэ хот буюу Өвөрмонголын Баяннуур аймагт энэ сарын 6-нд Олон Улсын марафон гүйлтийн тэмцээн болж өндөрлөлөө. Холын зайн буюу 42 км 195 метрийн марафон гүйлтийн энэхүү тэмцээнд Хятад, Монгол, Кени, Этиоп, Герман зэрэг 17 орны нийтдээ 10.000 гаруй тамирчид өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд манай улсын тамирчин Ц.Санжидмаа 2 цаг 45 минут 51 секунд гүйж мөнгөн медалийн эзэн болжээ. Хэрэв эмэгтэй тамирчид 2 цаг 45 минут дотор амжиж ирвэл Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авдаг. Харин манай тамирчин багахан минутын илүүгээр энэ эрхээс атгаад алдсан нь харамсалтай ч энэ амжилтаараа Монгол Улсын спортын мастерын болзол хангаад байна. Тамирчин Ц.Санжидмаа өмнө нь манайд зохиогдсон тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан төдийгүй 2016 оны 7 сарын 3-нд Өвөрмонголын Шилийн гол аймагт зохиогдсон марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж байсан юм. Линхэ хотод зохион байгуулагдсан Олон Улсын марафон гүйлтийн тэмцээнд Ц.Санжидмаагаас гадна Т.Ариунболд, Н.Сэмжид, Б.Сүрэнжав, Ц.Батхуяг, С.Чинбат, У.Отгонзаяа нар амжилттай оролцоод ирлээ. Эдгээр тамирчдын дасгалжуулагч багшаар Монгол Улсын спортын мастер А.Гантулга явжээ. Тэрээр өмнө нь Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч байсан бөгөөд 2012 онд Лондонд зохиогдсон Олимпод тамирчдаа авч явж байсан туршлагатай дасгалжуулагч юм. Дашрамд дуулгахад эдгээр тамирчид бүгд “Эрүүл Монгол” хайкинг клубын тамирчид юм.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн