С.Феттел улирлын хоёрдахь ялалт



Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн нефтийн магнатуудын нэг Бахрейн улсад Формула-1 уралдааны 2017 оны ДАШТ-ний 3 дахь гараа боллоо. Энэ улирал эхэлснээс хойш “Феррари” баг аваргын төлөө өрсөлдөх боломж бүрэн дүүрэн байгаа гэдгээ харуулж, сүүлийн 3 жилийн аварга “Мерседес” багтай хүчтэй өрсөлдөөн өрнүүлж байна. Улирлын нээлтийн гараанд “Феррари” багийн С.Феттел тэргүүлж, “Мерседес” багийн Л.Хэмилтон дэд байранд орсон. Тэгвэл Хятадын гараанд Л.Хэмилтон тэргүүлж, С.Феттел удаалаад байсан.

Тэдний өрсөлдөөн Бахрейнд ч өрнөлөө. Хэдийгээр байрлал тогтоох уралдаанд “Мерседес” багийн нисгэгчид болох В.Боттас тэргүүлж, Л.Хэмилтон удаалсан боловч Ням гарагт болсон уралдаанд 3-р байрнаас гарсан С.Феттел тэргүүлсэн. Тэрээр С.Феттел хүчтэй өрсөлдөгч Л.Хэмилтоноос ердөө 5 сек-н өмнө барианд орсон. Энэ нь Бахрейны гараа ямар ширүүн өрсөлдөөн дунд болсныг илтгэж байна.

Тус гарааны 11 дэх тойргийн үед “Торо-Росо” багийн К.Сайнз эргэлтэн дээр “Уилльямс” багийн Л.Строллыг мөргөж хоюул жагсаалаас гарсан. Ингээд зам дээр аюулгүй машин гарч ирснээр уралдаан хэсэг хугацаанд саатсан. Ер нь энэ өдөр уралдааны замыг 6 машин орхисон. Тэр дундаа “Ред Булл” багийн Нидерланд нисгэгч М.Верстаппены машинд техникийн саатал гарч уралдааны замыг дундаас нь орхиход хүрсэн. Жилээс жилд ур чадвар нь өсөж байгаа залуу нисгэгчийн хувьд энэ нь тун таагүй байсан нь мэдээж. Үүнийгээ ч М.Верстаппен илэрхийлж замын хашлагыг өшиглөж байсан. Тэгвэл нөгөө талаар “Форс-Индиа” багийн С.Перез шилдэг уралдааныг үзүүлсэн. Байрлал тогтоох уралдаанд 16-р байранд орж уралдааныг 16-р байрнаас эхлүүлсэн ч 9 байр ахиж 7-р байранд орсон. Энэ улирал эхэлснээс хойш “Форс-Индиа” баг тун боломжийн өрсөлдөөнийг үзүүлж байгаа бөгөөд С.Перез болон Э.Окон нар хоюул онооны бүсэд багтаж нийлбэр дүнгээр 4-р байранд орж ирсэн.

Бахрейны гарааны онооны бүсэд багтсан нисгэгчид:

  1. С.Феттел – Феррари
  2. Л.Хэмилтон – Мерседес
  3. В.Боттас – Мерседес
  4. К.Райкконен – Феррари
  5. Д.Риккардо – Ред Булл
  6. Ф.Масса – Уилльямс
  7. С.Перез – Форс-Индиа
  8. Р.Грожян – Хаас
  9. Н.Хюлкенберг – Рено
  10. Э.Окон – Форс-Индиа

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн