Олимпийн өдрийн мэнд хүргье!



Өнөөдөр хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэгдэл болсон Олимпийн өдөр тохиож байна. Тэртээ 1894 оны 6 сарын 23-ний энэ өдөр Францын сурган хүмүүжүүлэгч, түүхч Пьер де Кубертен болон В.Деметриус нарын хэсэг нөхдүүд Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ)-г байгуулж байжээ. Энэхүү өдрийг тохиолдуулан 1948 оны Зуны Олимпийн XIV наадмын жилээс эхлэн жил бүрийн энэ өдрийг Олимпийн Өдөр болгон тэмдэглэж байна. Өнөөдөр Олимпийн ТАВАН ЦАГАРИГ дор нэгдсэн дэлхийн 5 тивийн улс орнууд Олимпийн өдрийг ёслон тэмдэглэж байна.

Манай улс анх 1956 онд Үндэсний Олимпийн Хороогоо байгуулж, анхны даргаар нь залуу жанжин МУ-ын баатар Ж.Лхагвасүрэн томилогдон ажиллаж байжээ. Улмаар 1962 онд Москва хотноо хуралдсан ОУОХ-ын 60-р чуулганаар МҮОХ-г 69 дэх гишүүнээр элсүүлсэн байдаг. Тэр цагаас хойш Монгол улс Дэлхийн Олимпизмийн хөдөлгөөнд идэвхтэй оролцож ирсэн.

Монгол улс Олимпийн гэр бүлд нэгдэн орсон цагаас өнөөдрийг хүртэл Зуны Олимпийн наадамд 13 удаа, Өвлийн Олимпийн наадамд 13 удаа оролцоод байна. Монгол улсаас анх 1964 оны Австрийн Инсбрукийн Өвлийн Олимпийн наадамд спортын гавъяат мастер Л.Цэнд, Ц.Лхамжав, Л.Дашням нарын тэргүүтэй 13 тамирчин биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр оролцож байжээ. Тэгвэл Монголын тамирчдаас хамгийн анх замд гарсан тамирчин бол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат 18 настай Д.Пүрэвлоов юм. Д.Пүрэвлоов гуай Монголын тамирчдаас анх замд гарахдаа эмэгтэйчүүдийн 5 км-н зайн уралдаанд толгон хэсэгт зам хагалан гарч байжээ. Ийнхүү Д.Пүрэвлоов гуай Монголын тамирчдын Олимпийн наадмын үүдийг нээж өгсөн юм.

Монгол улс өвөл, зуны нийт 26 Олимпийн наадамд оролцож 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалийг Зуны Олимпийн наадмын чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын спортын төрлөөр хүртээд байна. Ингээд МОНГОЛ ЭХ ОРНЫХОО АЛТАН СОЁМБОТ ТӨРИЙН ДАЛБААГ ОЛИМПИЙН ТЭНГЭР ДОР МАНДУУЛЖ ИРСЭН үе үеийн тамирчиддаа, спорт-олимпизмийн зүтгэлтнүүддээ Дэлхийн Олимпийн Өдрийн мэндийг хүргэж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн