Спортын салбарт 8 гавьяат шинээр мэндэллээ



Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр салбар бүртээ амжилт гаргасан эрхмүүдэд Төрийн дээд шагнал гардууллаа.

Эдгээр эрхмүүдийн дунд спортын салбараас 8 гавьяат шинээр мэндэллээ. Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • “Эрчим” клубын дасгалжуулагч Д.Баасансүрэн
  • “Алдар” спорт хорооны дарга Д.Цог-Эрдэнэ
  • “Хүч” нийгэмлэгийн ахмад ажилтан Г.Магванноров
  • БХТН-ийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэг
  • “Аварга” БТДС-ийн багш, улсын начин Б.Адъяахүү нар шагнагдсан байна.

Харин гавьяат тамирчин цолоор:

  • Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Б.Номин
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин асан Т.Түвшинбаяр
  • Голдс жэм фитнес клубын тамирчин Г.Дорж нар шагнагджээ.

“Аварга” БТДС-ийн багш, улсын начин Б.Адъяахүүгийн хувьд олон арван залуучуудыг бөхийн спортод хөтлөн оруулсан байдаг. Тухайлбал: Улсын арслан Э.Оюунболд, улсын заан Б.Пүрэвсайхан болон аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нарыг дурьдаж болно. Гавьяат дасгалжуулагч Б.Цог-Эрдэний хувьд бол Монголын үе үеийн спортын шилдгүүдийг бэлтгэн гаргадаг “Алдар” спорт хороог удирдаж байгаа. “Алдар” спорт хорооноос Д.Дамдин аварга, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Г.Өсөхбаяр ...тэргүүтэй олон арван бөхчүүд төрөн гарсан байдаг. Мөн цаашлаад “Алдар”-ын амжилтын замнал гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, буудлагын спортын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, чөлөөт бөхийн ах дүү гавьяат дасгалжуулагчид болох Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, чөлөөт бөхийн гавьяат тамирчин Г.Мандахнаран ... гээд “Алдар”-аар овоглосон олон шилдэг тамирчдыг дурьдаж болно. Волейболын “Эрчим” клубын амжилт, ялалтын түүх бол Д.Баасансүрэн дасгалжуулагчтай салшгүй холбоотой. Тэрээр түүний удирдсан клубээс ОУХМ Г.Цэцэгжаргал тэргүүтэй олон арван шилдэг волейболчид төрөн гарсан байдаг.

Сагсан бөмбөгийн спортын хоёрдахь гавьяат (сагсан бөмбөгийн анхны гавьяат тамирчин Ц.Шаравжамц) тамирчин цолыг хүртэж буй Т.Түвшинбаяр бол Монголын сагсан бөмбөгийн нүүр царай болж явсан шилдэг тамирчин байсан. Тэрээр Лигт 12 удаа шигшээд шалгарахдаа 6 удаа аваргын цолыг хүртсэн хосгүй амжилтын эзэн юм. Дотооддоо төдийгүй ААШТ болон Зүүн Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан. Чөлөөт бөхийн шинэхэн гавьяат Б.Номин 2015 оны чөлөөт бөхийн ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэж байсан.

Спортын салбарын шинэхэн гавьяатууддаа "ССПОРТ" сайтын хамт олноос аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн