Happy Birthday PETER FORSBERG



1973 оны 7 сарын 20-ны ЭНЭ ӨДӨР Шведийн алдарт хоккейчин П.Форсберг мэндэлжээ.

Швед улс бол хоккейн их гүрэн. Тус улсаас Х.Зеттерберг, Н.Крунволл, Н.Лидстрём, Т.Жонссон нарын олон шилдэг хоккейчид алдар нэрээ дуургасан байдаг. Гэхдээ Шведийн үе үеийн шилдэг тамирчдаас П.Форсберг амжилтаараа гарцаа байхгүй ялгарна. Мэдээж түүнд Олимп, ДАШТ болон Стэнлийн цомын түрүү бүгд бий. Үүнээс гадна түүний амжилтыг тодотгох нэгэн үзүүлэлт бол ҮХЛ дэх үзүүлэлтүүд юм. П.Форсберг ҮХЛ-т нэг тоглолтонд өгсөн дамжуулалтаараа бүх цаг үед Б.Орр, М.Лемье болон У.Грецкий нарын ард бичигдэнэ. Мөн нэг тоглолтонд авсан оноогоороо бүх цаг үеийн түүхэнд 8-д эрэмблэгдэнэ. Дээр нь түүний амжилтыг бас тодотгох “чимэг” бол энэ жил тохиож буй ҮХЛ-н бүх цаг үеийн шилдэг 100 хоккейчны нэгд багтсан явдал юм. Энэ бүгд бол алдарт хоккейчин П.Форсберг гэж хэн болохыг илтгэнэ.

Алдарт хоккейчин П.Форсберг 1973 оны 7 сарын энэ өдөр Швед улсын зүүн нутаг, Ботнийн булангийн эрэг дэх Эрншёльдсвик хэмээх хотод хоккейн дасгалжуулагч Кент Форсбергийн гэр бүлд төрсөн. Магадгүй хоккейн дасгалжуулагч эцэгтэй түүний хувьд хоккейчин болох нь аль бага насанд нь тодорхой болсон байх. Тэрээр 17 настайдаа аавынхаа дасгалжуулж байсан Моде багийн өсвөрийн багт нэгдэж мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлж байжээ. Моде багийн өсвөрийн болон үндсэн багт 5 жил тоглоод 1994-1995 оны улиралд ҮХЛ-т хөл тавьжээ. Гэхдээ П.Форсберг 1991 оны драфтаар Филадельфиа Флайрз багтай нэгдэж байсан ч тус багийн төлөө ганц ч тоглолт хийгээгүй. Харин драфтаас 4 жилийн дараа солилцоогоор тухайн үеийн Квебек Нордикс буюу одоогийн Колорадо Авеланш багт ирсэн. П.Форсберг ҮХЛ-т 14 улирал тоглохдоо 708 тоглолтонд оролцож 249 гоол, 636 удаа гоолын дамжуулалт өгсөн. Мөн энэ хугацаанд Колорадо Эвеланш багаас гадна Филадельфиа Флайрз, Нэшвилл Предаторс багуудад мөн тоглосон байдаг.

Түүний амжилтуудаас дурьдвал:

  • Олимп: Лиллехаммер-1994 алт, Турин-2006 алт
  • ДАШТ: 1992, 1998 онуудад алт, 1993, 2003, 2004 онуудад мөнгө
  • Стэнлийн цом: 1996, 2001 онуудад хүртсэн

Үүнээс гадна Калдер Мемориал Трофи буюу шилдэг рүүки тоглогчид олгодог цомыг 1995 онд, Арт Росс Трофи буюу оноогоор тэргүүлсэн тоглогчид олгодог цомыг 2003 онд, Харт Мемориал Трофи буюу улирлын үнэ цэнэтэй тоглогчид олгодог цомыг 2003 онд хүртсэн.

Өнөөгийн Колорадо Эвеланш багийн хүртсэн 2 удаагийн Стэнлийн цом бол П.Форсбергтэй салшгүй холбоотой. 1999-ээд оны сүүл үед Ж.Саких, П.Рой болон П.Форсберг нарын шилдэг тоглогчдоос бүрдсэн Колорадо Эвеланш баг 1996, 2001 онуудад Стэнлийн цомыг хүртсэн байдаг. Эдгээр тоглогчдын эрин үед Колорадо Эвеланш баг тогтмол плэй-оффт өрсөлддөг байсан. Энэхүү хүчирхэг багийн нэгэн хөдөлгүүр болсон талбайн төвийг эзэгнэгч П.Форсберг одоогоос 6 жилийн өмнө цохиураа хананд өлгөсөн. Одоо тэрээр төрөлх Молде багийнхаа менежерээр ажиллаж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн