Япон бүсгүйчүүд 10 жилийн дараа Тивийн аварга боллоо



Волейболын 2017 оны эмэгтэйчүүдийн ААШТ өндөрлөлөө. Тэмцээний аваргаар Н.Ивасака ахлагчтай Японы шигшээ баг аваргын төлөө Тайландын шигшээ багийг 3-2 харьцаатай хожиж Азийн аваргаар шалгарлаа. Тайландын шигшээ баг эхний хоёр сетийг өөрсдийн талд эргүүлээд байсан ч Японы шигшээ баг сүүлчийн 3 сетэд дараалан ялалт байгуулсан. Ингэснээр Японы шигшээ баг 2007 оноос хойш 10 жилийн дараа Ази тивийн аварга болж байна.

2017 оны ААШТ энэ сарын 9-17-ны өдрүүдэд Филиппин улсад болсон. Ази тивийн 14 улс, тэр дундаа Зүүн Азиас Япон, Хятад, Өмнөд Солонгос, Хонг-Конг, Тайвань, Зүүн Өмнөд Азиас Тайланд, Вьетнам, Филиппин, Өмнөд Азиас Мальдив, Шри-Ланка, Баруун Өмнөд Азиас Иран, Төв Азиас Казахстан мөн Австрали Номхон далайн бүсийн Австрали, Шинэ Зеланд улсууд оролцсон. Тэмцээний шилдэг тоглогчоор Японы шигшээ багийн Р.Шиннабе шалгарсан байна. Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн эрэгтэйчүүдийн ААШТ-нд Японы шигшээ баг алтан медаль хүртээд байсан бол ийнхүү бүсгүйчүүд нь мөн тивийн аварга болж байна.

  • Алтан медалийн төлөө: Япон 3-2 (26-28, 20-25, 25-16, 25-16, 15-7) Тайланд
  • Хүрэл медалийн төлөө: БНХАУ 0-3 (11-25, 18-25, 20-25) БНСУ

Волейболын ААШТ нь 1975 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд 1983 оноос хойш 2 жил тутамд 1 удаа зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хугацаанд Хятадын шигшээ баг хамгийн олон буюу 13 удаа алтан медаль хүртсэн бол Япон 4 дэхээ энэ жил хүртэж, Тайландын шигшээ баг 2 удаа түрүүлээд байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн