US Open тэмцээний өмнө: эрэгтэй ганцаарчилсан төрөл



Энэ жилийн US Open тэмцээнд олон шилдэг теннисчид бэртлийн улмаас өнжиж байгаа. 2015 оны аварга Н.Жокович, 2016 оны аварга С.Вавринка, 2014 оны дэд аварга К.Нишикори, 2012 оны аварга Э.Мюррей нар оролцохгүй. Гэхдээ 5 удаагийн аварга Р.Федерер, 2 удаагийн аварга Р.Надал болон өсөж яваа залуу тамирчин А.Зверев нарын шилдэг тамирчид өрсөлдөхөд бэлэн болоод байна.

Р.Федерер: 37 настай “Швейцар цаг” Р.Федерер энэ жил төрөл арилжсан мэт тоглолтыг үзүүлж, Австрали болон Уимблидонд түрүүлээд байна. Үнэхээр Р.Федерер энэ жил залуу тоглогчдыг ичтэл тоглож байгаа. Энэ жил нийт 5 цом хүртсэн бөгөөд үүнд 2 Их Дуулга, 2 Мастерс тэмцээний цом багтана. Эдгээр тэмцээнүүдэд бүх гол өрсөлдөгч нараа буулгаж авсан. Харин хамгийн сүүлд Германы залуу теннисчин А.Зверевт Канадын Мастерс тэмцээний шигшээд хожигдсон. Хэрвээ Р.Федерер бүх өрсөлдөгч нараа буулгаж авч чадвал хагас шигшээд Р.Надалтай таарах магадлал тун өндөр байгаа. Р.Федерер US Open тэмцээнд 2004, 2005, 2006, 2007, 2008 онуудад 5 жил дараалан түрүүлж байсан. Мэдээж “бөх хүн бүдүүн өвсөнд” гэдгийг мартаж болохгүй. Р.Федерер энэ жил 2 удаа хожигдол амсахдаа чансааны 100-аас дээш эрэмбэтэй теннисчинд хожигдсон. Судалгаанаас үзэхэд Р.Федерер энэ удаагийн US Open түрүүлэх хамгийн өндөр магадлалтай теннисчнээр нэрлэж байна.

Р.Надал: “Шороон кортны хаан” Р.Надал US Open тэмцээний цомыг 2010, 2013 онуудад хүртэж байсан. Р.Надалын хувьд 2015 оноос хойш бэртлийн улмаас багагүй формоо алдаад байсан ч энэ онд мөн эргэн ирэлтийг хийгээд байгаа. Энэ онд Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарсан бол Францын Их Дуулгад түрүүлж 3 жилийн дараа Их Дуулгын цомоо өргөөд байна. Гэхдээ тэр US Open тэмцээнд түрүүлэх гэвэл Р.Федерерийг хагас шигшээд буулгаж авах шаардлагатай. Хоёр теннисчин дээгүүр бүдрэхгүй бол хагас шигшээд таарах магадлал тун өндөр. Р.Федерертэй энэ жил 3 удаа учраа таарахдаа гурвууланд нь хожигдсон. Иймд Р.Федерерийг хэрхэн буулгаж авах талаар илүү ажиллах хэрэгтэй болов уу? Гэхдээ хүчтэй өрсөлдөгчтэйгээ учраа таарахаас өмнө эхлээд хэсгийн хүчтэй өрсөлдөгч Т.Бердихийг буулгаж авах хэрэгтэй болно. Т.Бердихтэй хэсгийн аваргын төлөө таарах магадлалтай.

А.Зверев: 20 настай Герман залуу А.Зверев энэ жил мөн сайн тоглолтыг үзүүлж байгаа. Хэдийгээр Их Дуулга тэмцээний 4-р шатыг давж үзээгүй байгаа ч энэ жил 2 ч Мастерс тэмцээнд түрүүлээд байгаа. Ялангуяа шороон корт болон хатуу гадаргуутай талбайд алинд нь ч тоглож чадна гэдгээ харуулаад байна. Италийн Мастерс тэмцээнд Н.Жоковичийг хожиж, Канадын Мастерс тэмцээнд Р.Федерерийг тус тус буулган авч цомыг хүртсэн. А.Зверевийн хувьд ямар нэгэн азгүй тохиолдол гарахгүй л бол дунд шөвөгт төвөггүйхэн шалгарах боломж бүрэн бий.

Эдгээр теннисчид гол фаворитууд. Харин эдний араас Г.Димитров, Н.Кирьос, М.Чилич, Хуан Мартин дел Потро, Д.Тим, Г.Монфилс, Жо Цонга болон Т.Бердих нар нэрлэгдэнэ. М.Чилич 2014 оны US Open тэмцээнд К.Нишикориг буулган авч түрүүлсэн. Энэ жил Уимблидоны шигшээд шалгараад байгааг мартаж болохгүй. Болгар залуу Г.Димитрийн хувьд энэ жил Канадын нээлттэй тэмцээнд түрүүлж карьертаа анх удаагаа Мастерс тэмцээний цомыг хүртээд байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн