US Open тэмцээний өмнө: эмэгтэй ганцаарчилсан төрөл



Магадгүй энэ цаг үед эмэгтэй ганцаарчилсан төрөл хамгийн тааварлашгүй байгаа. Бусдаасаа илт илүүрхсэн теннисчин одоогоор байхгүй жигдхэн тамирчид байна. С.Уилльямс оролцсон бол аварга авах хамгийн боломжтой теннисчин байх байсан. Ямартаа ч алдарт С.Уилльямс болон В.Азаренко наргүй тэмцээн болно. Энэ жил өрсөлдөх теннисчдээс С.Кузнецова 2004 онд, М.Шарапова 2006 онд, А.Кербер 2016 онд, В.Уилльямс 2000, 2001 онуудад түрүүлсэн. Харин бусад теннисчдийн хувьд К.Возняцки 2009, 2014 онд, К.Плишкова 2016 онд, Р.Винчи 2015 онд тус тус финалдаж байсан.

Г.Мугуруза (Испани): санал асуулгад 117 оноо: 2016 оны Франц, 2017 оны Уимблидоны аварга Г.Мугуруза түрүүлэх магадлал хамгийн өндөр теннисчнээр нэрлэгдээд байна. Гэхдээ тэр US Open тэмцээний 2-р шатыг давж үзээгүй өнөөдрийг хүрсэн. Энэ жил Уимблидонд түрүүлж мөн Цинциннати тэмцээнд түрүүлээд Нью-Йоркт ирээд байгаа.

С.Халеп (Румын): Эмэгтэй теннисчдийн чансааны 2-т эрэмбэтэй Румын бүсгүй одоогийн байдлаар Их Дуулга тэмцээний цомыг өргөж үзээгүй байгаа. С.Халепийн хувьд хатуу гадаргуутай талбайд тийм ч найдвартай тоглолт үзүүлдэггүй. Шороон корттой талбайд болдог Францын Их Дуулгын шигшээд шалгарч, Мадридын тэмцээнд түрүүлж, Ромд дэд байранд орсон. Харин хатуу гадаргуутай талбайд төдийлөн сайн тоглогт үзүүлдэггүй. Мөн түүний эхний өрсөлдөгч нь М.Шарапова байх юм.

В.Уилльямс (АНУ): Магадгүй энэ жилийн эмэгтэй теннисчид дундаас хамгийн туршлагатай, хамгийн олон тэмцээнд оролцож, хамгийн олон цом хүртсэн теннисчин бол В.Уилльямс байх. Тэрээр 2000, 2001 онуудад US Open тэмцээнд түрүүлсэн. Түүнээс юу ч ирж болно. Харин ганц сул тал нь түүний нас юм. Энэ жил 37 настай В.Уилльямс М.Селеш, Я.Новотна нартай өрсөлдөж байсан гэвэл ямар олон жил теннисний талбайд тоглож байгааг харж болно. Гэхдээ В.Уилльямс энэ жил хуучны В.Уилльямс эргэн ирсэн мэт тоглолтыг үзүүлж Австрали болон Уимблидоны финалд шалгарсан. Хатуу гадаргуутай талбайд тун сайн тоглодог В.Уилльямс энэ жил түрүүлэхэд нэг их гайхах зүйлгүй болов уу?

М.Шарапова (ОХУ): Их Дуулга тэмцээний 5 удаагийн цомын эзэн Орос бүсгүй 2016 оны Австралийн нээлттэй тэмцээнээс хойш анх удаагаа Их Дуулга тэмцээнд оролцох гэж байна. Гэхдээ М.Шараповагаас нэг их зүйл хүсээд хэрэггүй болов уу? Нэлээд урт хугацаанд талбайн гадна байсан тул тийм ч өндөр амжилт гаргаж чадахгүй байх. Магадгүй “битүү морь” гэж хэлчихвэл нэг их буруудахгүй. Эхний өрсөлдөгч нь С.Халеп байна. С.Халепийг бол буулгаж чадах байх.

Эдгээр теннисчид цомын төлөө өрсөлдөх магадлал өндөр. Гэхдээ А.Кербер Е.Свитолина, К.Вояняцки, К.Плишкова, А.Радванска, Й.Конта, П.Квитова, М.Кейс нарыг мартаж болохгүй.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн