Ялалтаар дүүрэн “Олимп” өндөрлөлөө



“Олимп” гэж хэлсэнд хүмүүс гайхах байх. Гэхдээ л Монголчуудын хувьд Олимпийн наадамтай дүйхүйц чөлөөт, бокс, жүдо бөхийн дэлхийн аваргууд өнгөрсөн 8 сарын сүүлээс 9 сарын эхний хэдэн хоногуудад болж өндөрлөлөө. Эхлээд Францын Парис хотноо чөлөөт бөхийнх, дараа нь бокс болон жүдо бөхийн ДАШТ болсон. Чөлөөт бөх, бокс болон жүдо бөхийн спорт бол Монголчуудын хувьд Олимпийн наадмын ТОП 4 төрөлд багтана. Хүн төрөлхтөний цэнгэлийн манлай Олимпийн наадмаас Монголчууд бид энэ л төрлүүдээр медаль хүлээдэг. Иймд өнгөрсөн хэд хоногт буурал Европт “Олимп” болсон гэж хэлбэл нэг их буруутахгүй болов уу?

Чөлөөт бөхийн ДАШТ-нээс эрэгтэйчүүдийн 57 кг-н жинд Э.Бэхбаяр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 63 кг-н жинд П.Орхон алтан медаль хүртсэн. ОУХМ П.Орхоны хувьд алтан медаль хүртсэнээр Монголчуудын чөлөөт бөхийн Дэлхийн аваргаас хүртсэн 7 дахь алтан медаль болсон. Өмнө нь З.Ойдов 1974, 1975 онуудад, Х.Баянмөнх 1975 онд, С.Батцэцэг 2010, 2015 онуудад, С.Цэрэнчимэд 2014 онд Дэлхийн аваргаас алтан медаль авчирч байсан. Э.Бэхбаярын хувьд Дэлхийн аваргын хошой хүрэл медалиа Парисын дэвжээнээс хүртсэн.

 

Германы Хамбург хотноо 8 сарын 25-наас 9 сарын 2-ны хооронд боксын ДАШТ болж өндөрлөсөн. Тус тэмцээнээс Риогийн Олимпийн хүрэл медальт, МУГТ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Д.Отгондалай гавъяат Олимп, Дэлхийн хос медальтай Монголын 5 дахь боксчин болсон юм. Өмнө нь Э.Бадар-Ууган 2008 оны Бээжингийн Олимпоос алт, 2007 оны ДАШТ-нээс мөнгө, П.Сэрдамба 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас мөнгө, 2009 оны ДАШТ-нээс алт, 2011 оны ДАШТ-нээс хүрэл, У.Мөнх-Эрдэнэ 2012 оны Лондонгийн Олимпоос хүрэл, 2009, 2013 оны ДАШТ-нээс хүрэл медаль, Н.Төгсцогт 2012 оны Лондонгийн Олимпийн наадмаас мөнгө, 2009 оны ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэж байсан. Ийнхүү Д.Отгондалай Олимпийн хүрэл медалиа Дэлхийн аваргын хүрэл медалиар чимэж байна.

 

Жүдо бөхийн спортоор Монгол улс аль хэдий нь дэлхийн их гүрэн болж чадсан гэдгийг өнгөрсөн хэд хоногт хангалттай харлаа. Ялангуяа Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-нээс урьд хожид байгаагүй амжилт үзүүлж түүхэндээ байгаагүй медаль хүртлээ. Д.Сумъяа алтан медаль, М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн бол Г.Болдбаатар, Г.Одбаяр, Н.Түвшинбаяр, Б.Мөнгөнчимэг нар хүрэл медаль хүртсэн. Д.Сумъяагийн хувьд энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн онцлох бөх байсан. Н.Түвшинбаяр аварга 10 жил хүлээсээн хүлээлтээ өндөрлүүлж Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэснээр Олимп, Дэлхийн хос медальт тамирчин болсон.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн