Улирлын өмнө: Вашингтон Капиталс баг



  • Бүс: Дорнод бүсийн Метрополитиан дивизион
  • Хот: Вашингтон ДиСи хот
  • Байгуулагдсан он: 1974 он
  • Үзүүлсэн амжилт: Стэнлийн цомыг хүртэж үзээгүй, 1997-1998 оны Бүсийн аварга болж байсан. Харин Ерөнхийлөгчийн цомыг 2009-2010, 2015-2016, 2016-2017 онуудад хүртэж байсан.
  • Өнгөрсөн улирлын амжилт: 55 хожил, 19 хожигдол, 8 ОТ хожигдол, нийт 118 оноогоор NHL-н бусад 29 багаа тэргүүлж Ерөнхийлөгчийн цомыг хүртсэн.
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт: 1-р шатанд Торонто Мейпл Лифс багийг 4-2 харьцаагаар хожоод 2-р шатанд Питтсбург Пингвинс багт 3-4 харьцаатай хожигдсон.
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч: Н.Бёкстрём 86 оноотой
  • Хамгийн их гоол оруулсан тоглогч: А.Овечкин, Ти.Жи.Оши нар тус бүр 33 гоол оруулсан
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: Н.Бёкстрём 63 удаа гоолын дамжуулалт өгсөн
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: хамгаалагч К.Олзнер (Монерал Канадиенс), хамгаалагч К.Шаттенкирк (Нью-Йорк Рейнжерс), жигүүрийн довтлогч Ж.Уильямс (Каролина Харриканс), төвийн тоглогч М.Йоханссон (Нью-Жерси Девилс)
  • Энэ улиралд багт шинээр ирсэн тоглогчид: төвийн тоглогч Ж.Алберт (Финландын лигээс 1 жилийн гэрээ), баруун жигүүр Э.Пелюсо (Виннипег Жетс багаас 1 жилийн гэрээ),  төвийн тоглогч Т.Граовац (Миннесота Уайлд багаас 1 жилийн гэрээ), зүүн жигүүр Д.Смит-Пелли (Нью-Жерси Девилс багаас 1 жилийн гэрээ)

Вашингтон Капиталс өнгөрсөн улирлын турш сайн тоглолт үзүүлж NHL-н бүх багуудаа тэргүүлэн 118 оноогоор Ерөнхийлөгчийн цомыг 3 дахь удаагаа, тэр дундаа 2 жил дарааллан хүртсэн. Гэвч энэ улиралд тэдний плэй-оффын 2-р шатыг давж чаддаггүй анти үзүүлэлт мөн л үргэлжилж өнөөх л тал таардаггүй Питтсбург Пингвинс багт дахин хожигдсон. Вашингтон Капиталс баг 1989-1990 оны улиралд бүсийн шигшээд, 1997-1998 оны улиралд Стэнлийн цомын шигшээ тоглолтонд шалгарч байсан.

Энэ зуны солилцоо наймаанд магадгүй олохоосоо илүүтэй гарзтай ажиллаж байна. Тэд шилдэг жигүүрийн тоглогч Ж.Уильямсыг явуулсан. Магадгүй ахмад тоглогчоо явуулж залуу тоглогч авсан нь ирээдүйгээ харсан төлөвлөгөө байж болох юм. Мөн багийн бүтээгдэхүүн М.Йоханссон багаа орхиж Нью-Жерси Девилс руу явуулсан. Гэхдээ багийнхаа цөм болсон тоглогчдоо авч үлдсэн гэдгийг дурьдах хэрэгтэй. Е.Кузнецов болон Ти.Жи.Оши нарын гэрээг 8 жилээр шинэчлэн байгуулсан бол А.Бураковскитой мөн 6 сая ам.долларын 2 жилийн гэрээг шинээр байгуулсан. 22 настай Швед жигүүрийн тоглогч А.Бураковски багийн ирээдүй болох магадлал өндөр байгаа. Тэр өнгөрсөн улирлын плэй-оффын тоглолтонд Ти.Жи.Оши, Н.Бёкстрём нарын хамтаар ТОП лайн буюу гарааны 5-т багтад А.Овечкиний оронд гарч тоглосон.

Урдаа А.Овечкин, Н.Бёкстрём, Е.Кузнецов, Ти.Жи.Оши, хамгаалалтанд М.Нисканен, Д.Орлов, Ж.Карлсон, хаалган дээрээ Б.Холбю. Эдгээр нэрнүүд бол Вашингтон Капиталс багийн гол цөм болсон тоглогчид. Тэд улирлын турш NHL-н мөсөн талбайд шилдэг тоглолтыг хангалттай үзүүлж чадаж байгаа. Гэвч хөгжөөн дэмжигчид нь тэднээс Ерөнхийлөгчийн цомыг бус Стэнлийн цомыг хүсэж байгаа нь мэдээж. Улирлын турш шилдэг тоглолт үзүүлж чаддаг ч плэй-оффт тийм ч сайн байж чаддаггүй нь магадгүй дасгалжуулагчтай нь холбоотой байж болох юм. Вашингтон Капиталс багийг 4 дэх улиралдаа удирдах гэж буй Канад дасгалжуулагч Б.Троц NHL-д баг удирдахдаа плэй-оффын 2-р шатыг давж үзээгүй л байна. 19 дэх жилдээ баг дасгалжуулж байгаа гэхэд Канад эрхмийн хувьд хангалтгүй үзүүлэлт юм. Хэдийгээр Вашингтон Капиталс баг улирлын турш гайхалтай тоглолтоороо плэй-оффт саадгүй гардаг ч дасгалжуулагчийн плэй-оффт үзүүлж буй хангалтгүй тоглолт, жилээс жилд оруулж буй гоол, авсан оноо нь буурч буй багийн бэлэг тэмдэг А.Овечкины тоглолт зэрэг нь Стэнлийн цомыг мөрөөдөл хэвээр үлдээхэд хүргэж болох талтай. NHL-г үздэг сая сая хөгжөөн дэмжигчид Нийслэл хотын багийг Стэнлийн цомыг өргөхийг хүсэн хүлээсээр. Нээрээ энэ зун Вашингтон Капиталс баг өөрсдийн “Verizon Center” ордонгийн нэрээ өөрчилж “Capital One Arena” нэртэй болгосон.

Б.Бямбабаяр

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн