Улирлын өмнө: Питтсбург Пингвинс баг



  • Бүс: Дорнод бүсийн Метрополитиан дивизион
  • Хот: Питтсбург хот
  • Байгуулагдсан он: 1967 он
  • Амжилтын түүх: Стэнлийн цомыг 5 удаа хүртсэн (1991, 1992, 2009, 2016, 2017)
  • Өнгөрсөн улирлын амжилт: 50 хожил, 21 хожигдол, 11 ОТ хожигдол, нийт 111 оноо авч 30 багаас 2-т орох амжилтыг үзүүлсэн.
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт: 1-р шатанд Колумбус Блюс Жакетс багийг, 2-р шатанд Вашингтон Капиталс багийг, 3-р шат буюу бүсийн аваргын төлөө Оттава Сенаторс багий, Стэнлийн цомын финалд Нэшвилл Предаторс багийг хожиж цомыг хүртсэн.
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч: С.Кросби 89 оноо авсан.
  • Хамгийн их гоол оруулсан тоглогч: С.Кросби 44 гоол оруулж NHL-н улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогч хүртдэг “Maurice Rocket Richard Trophy” цомыг хүртсэн.
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: мөн С.Кросби 45 гоолын дамжуулалт өгсөн
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: багийн дэд ахлагч ахмад зүүн жигүүрийн тоглогч К.Кунитц (Тампа Бэй Лайтнингс баг), төвийн тоглогч М.Кюллэн (Миннесота Уайлд баг), төвийн тоглогч Н.Бонино (Нэшвилл Предаторс баг), зүүн жигүүрийн тоглогч Т.Дейли (Детройт Ред Уингс баг)
  • Энэ улиралд багт шинээр ирсэн тоглогчид: хамгаалагч М.Хэнвик (Торонто Мейпл Лифс баг), хаалгач А.Ниеми (Даллас Старс баг), төвийн тоглогч Г.МкКегг (Торонто Мейпл Лифс)

ҮХЛ-т хамгийн сүүлд С.Боуман дасгалжуулагчтай, С.Айзерман ахлагчтай, “Орос тавт”-аас бүрдсэн Детройт Ред Уингс баг 1997-1998 онд жил дарааллан Стэнлийн цомыг хүртэж байсан. Тэгвэл энэхүү амжилтыг XXI зуунд С.Кросби, Е.Малкин, К.Летанг тэргүүтэй шилдэг тоглогчдоос бүрдсэн Питтсбург Пингвинс баг давтаж чадлаа. Мэдээж энэ бол багийн эздийн зөв бодлого, төлөвлөлтийн үр дүн байсан нь дамжиггүй. Гэхдээ Питтсбург Пингвинс багт шайбтай хоккейн энэ цаг үеийн хамгийн шилдэг тоглогч, “хурц од” С.Кросби хэмээх авъяаслаг тоглогч бий. 1990-ээд оны эхэн үед “Супер Марио”, “Гайхамшигт нэгэн” хэмээх хочитой М.Лемье Питтсбург Пингвинс багийн ялалтын бэлэг тэмдэг болон Стэнлийн цомын хоёронтоо авчирч байсан бол түүнээс хойш 20 гаруй жилийн дараа “Дараагийн Нэгэн” хэмээх С.Кросби энэ багийн ялалтын бэлэг тэмдэг болж байна. Өдгөө 30 настай С.Кросбид баг болон Канадын шигшээгийн хамтаар авч үзээгүй медаль, хүртэж чадаагүй цом гэж байхгүй. С.Кросби 2010-2012 оны хооронд бэртлийн улмаас төдийлөн сайн тоглож чадахгүй байсан. Түүнийг 2012-2013 оны улиралд бэртлээ илааршуулж мөсөн талбайдаа эргэн ирэхэд урьдны тоглолтоо үзүүлж чадах болов уу гэж бодож байсан хүмүүс нэлээдгүй байсан байх. Гэхдээ тэр өнгөрсөн 4 жилийн хугацаанд урьдны С.Кросби хэвээр байгаагаа харуулсаар, мөсөн талбайдаа гялзсаар байна. Ямартаа ч С.Кросби хэмээх мөсөн талбайн гайхамшигт нэгэн тоглогч байгаа цагт Питтсбург Пингвинс баг үргэлж Стэнлийн цомын төлөөх гол өрсөлдөгч байсаар байх болно.

Энэ зун багаас хэд хэдэн чухал тоглогчид явсан. Тухайлбал: дэд ахлагч К.Кунитц Тампа Бэй Лайнинг руу, М.Кюллэн Миннесота Уайлд руу, Н.Бонино Нэшвилл Предаторс руу, Т.Дейли Детройт Ред Уингс руу явсан. Харин шинээр нэлээд хэдэн тоглогч авчирсан ч яг багийн тоглолтонд чухал нөлөө үзүүлэх тоглогч тэр гэж нэрлэж чадахгүй. Магадгүй Финланд хаалгач А.Ниеми гарааны эрхийн төлөө залуу хаалагч М.Мюррейтэй өрсөлдөх байх.

Питтсбург Пингвинс багийн хувьд плэй-офф бол ойлгомжтой. Бүр цаашлаад аваргаа хамгаалж шинэ зуунд 3 дарааллан Стэнлийн цом хүртсэн баг болохыг ч үгүйсгэхгүй юм. Энэ жил хамгаалагч К.Летанг бүрэн фит болоод эргэн ирж байгаа. К.Летанг Фин залуу О.Мааттагийн хамтаар гараанд гарна. Дээр нь өнгөрсөн улирал Ж.Генцел хэмээх залуу тоглогч бий. Рүүзи тоглогч Ж.Генцел улирлын дундуур үндсэн багт багтан үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж чадсан. Ялангуяа плэй-оффын тоглолтонд залуу тоглогч гэхэд маш сайн тоглож 13 гоол, 8 гоолын дамжуулалт өгсөн. Энэ бол рүүки тоглогчийн хувьд мундаг үзүүлэлт юм. Ямартаа ч залуу тоглогч Ж.Генцел энэ улиралд гайхалтай формоо хадгалан багийн ах нар болох С.Кросби, Е.Малкин, Ф.Кессел, П.Хёрнквист, К.Шерри, К.Летанг, О.Маатта, Ж.Шульц нарын хамтаар цомоо хамгаалан улирлыг эхлүүлэхэд бэлэн болж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн